Туул голын сав газрын захиргааныхан Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Булган болон Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг шалгаж, цөөнгүй зөрчил илрүүлээд буй. Тэгвэл үүнээс гурвыг нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэж, цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргажээ. Тус захиргааны Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах албаны менежер М.Жаргалаас энэ талаар тодруулахад “Нийт 25 уурхайг шалгахад 11-ээс нь зөрчил илэрсэн. Дөрвөн компанийн хууль бус үйл ажиллагааны талаарх мэдээллийг МХЕГ-т хүргүүллээ. Мөн гурвынх нь хэргийг шалгуулахаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанд хандсан. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа тодорхой мэдээлнэ” гэсэн юм. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Туул голын сав газрын захиргаа “Вайнд майнд”, “Бүрдэл майнинг”, “Тод бум”, “Хамтын эх булаг” зэрэг компанийн мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлсэн гэнэ. Тэгэхээр цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон гурван компанид дээрх аж ахуйн нэгжүүд ч багтсан байх магадлалтай юм.
Бэлтгэсэн И.Мишээл