ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхний хамгийн сүүлд хийсэн судалгаагаар баримжаалбал манай орны газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртөөд буй. Ургамал идээших боломжгүй болтлоо хатаж, шим тэжээлээ алдсан, элс, шороо зонхилсон газрын хэмжээ үлэмж нэмэгдсэн гэсэн үг. Бид энэ хувийг нэмэгдүүлэхгүйн тулд “Тэрбум мод” зэрэг томоохон арга хэмжээ санаачилж, улс, үндэстнээрээ “хөдөлж” эхэлсэн. Гэвч дан ганц ойн салбарт анхаараад, мод тариад асуудлыг шийдэх боломжгүй. Цөлжилт, газрын доройтлыг эрчимжүүлдэг бусад хүчин зүйлд (мал аж ахуй, хог хаягдал, зам, тээвэр, дэд бүтэц гэх мэт) ч анхаарч, тэдгээрийн үр нөлөөг зохистой хэмжээнд тогтоон барих хэрэгтэйг байгаль дэлхий “сануулсаар” удлаа. Наанадаж хүний буруутай үйл ажиллагааг хязгаарлах шаардлагатай. Үүний нэн тэргүүнд хөрсний мангас хэмээгддэг авто спортыг нэр цохож байна.
Хөрс эвдэрч, доройтоход хүргэдэг олон хүчин зүйл бий ч манайхан муу л бол хойд захын хар овоохой гэгчээр малчид руу чичилж, тэднээс буруу хайдаг. Гэвч хөрсийг хайр гамгүй эвдэж, доройтуулахад “үнэтэй” хувь нэмэр оруулдаг бас нэг зүйл анхаарлаас гадуур сугарч үлдсээр өнөөдрийг хүрсэн нь авто спорт юм. “Хилэнц хорхой”, “Үлэмж хурд”, “Мөнгөн шонхор”, “Мастер кросс”, “Цайны зам”, “D20 drift show”, “Speed cup” зэрэг сүрдэм нэртэй авто уралдаан сүүлийн жилүүдэд хүчээ авч байна. Хил дамнасан, олон улсын тэмцээнүүдэд оролцох монгол залуус ч олшров. Өнгөрсөн сарын 26-нд гэхэд Өвөрхангай аймгийн авто спорт холбооны тамирчид ОХУ-ын Эрхүү хотод болсон олон улсын RFC тэмцээнд оролцоод ирсэн юм билээ. Үүнээс дөрөвхөн хоногийн дараа “Гачуурт кап-2022” хэт бартаат замын тэмцээн нийслэлийн ногоон бүсэд болсон нь олон хүнийг цочроов.
“Гачуурт” бартаат замын холбооноос зохион байгуулсан уг тэмцээн Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Гачуурт тосгоны Дээндийн аманд болсон юм. Дээндийн ам бол хотын зуслангийн бүсэд хамаардаг, зэрлэг амьтдын тархац нутаг. Тийм ч учраас нийслэлийн Байгаль орчны газрынхан тухайн бүсэд жил бүр биотехникийн арга хэмжээ (зэрлэг амьтдад зориулж өвс, хужир тавих) зохион байгуулдаг. Гэтэл ийм бүсэд тээврийн хэрэгслийнхээ хурд, хүчийг сорих хүсэлтэй залуусыг цуглуулж, дураар нь дургиулсан нь олон хүний дургүйцлийг хүргэв. Ялангуяа байгаль орчны салбарынхан эл үйл явдлыг тун эмзгээр хүлээн авч, шүүмжлэлтэй хандсаар байна.
Олон нийтийн хандлага таагүй уур амьсгал бүрдүүлж, шүүмжлэл газар авсан даруйд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдэгдэл гаргаж, түүнийгээ зохион байгуулалттайгаар тараав. Үүнд “Гачуурт тосгонд хэт их бартаат замын тэмцээн зохион байгуулах үеэр байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй тул санаачлагч болон оролцсон баг, тамирчдыг нөхөн сэргээлт яаралтай хийхийг шаардлаа. Эл шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох арга хэмжээг шат шатны байгууллагад уламжилж, дүүргийн хэмжээнд дахин ийм тэмцээн хийлгэхгүй байхад анхаарна” гэсэн байв. Гэтэл тэмцээнийг санаачлан зохион байгуулагчид “Авто спорт, бартаат замын уралдаан сонирхдог залуусыг дэмжсэн Баянзүрх дүүргийн удирдлага болон Засаг дарга Н.Баярмөнх танд баярлалаа. Бид эх дэлхийдээ хайртай” гэж талархал илэрхийлсэн юм. Үндсэндээ энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг дүүргийн холбогдох эрх мэдэлтнүүд уралдаанч залууст өгсөн атлаа дараа нь ийнхүү гэмгүй дүр эсгэсэн хэрэг. Түүнчлэн тэмцээн болсноос гурав хоногийн дараа “Гачуурт” бартаат замын холбооныхон нөхөн сэргээлт хийсэн гэх. Гэвч үүнийг мэдсэн, шалгасан, албан ёсоор хүлээж авсан байгууллага алга. Баянзүрх дүүргийн ЗДТГ, нийслэлийн Байгаль орчны газрынхнаас энэ талаар лавлахад аль аль нь мэдээлэлгүй байв.
Уг үйл явдалтай холбогдуулан байгаль орчны салбарынхан санал бодлоо илэрхийллээ. “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-ийн Хяналтын зөвлөлийн дарга асан, “Амьтны эрх хамгаалах сан” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дамдинсүрэн “Газрын хөрс их гэмтээдэг том, арзгар дугуйтай, гинжтэй тээврийн хэрэгсэлд стандарт тогтоож, хэт хуучин машин хилээр нэвтрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Уралдаан, аяллынхаа эцэст тээврийн хэрэгслүүдээ хог шиг хаяж орхидог тэмцээнүүдийг хориглож, зайлшгүй зохион байгуулах тохиолдолд машинуудыг нь хилээр буцаан гаргах ёстой. Бид нэлээд хэдэн жилийн өмнө энэ асуудлаар хэвлэлийн хурал хийж, холбогдох байгууллагуудад мэдэгдэл, шаардлага хүргүүлсний үр дүнд гоё нэртэй “сэг” авчирч хаядаг тэмцээнүүдийг арайхийж зогсоосон. Гэвч өдгөө дахин сэргээд байна” гэсэн юм. Харин Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тусгай сонирхлын аялал зохион байгуулдаг нэгэн залуу “Дээндийн ам бол улсын тусгай хамгаалалтад байдаг байгалийн нөөц газар. Ийм бүсэд хөрс “яргалдаг” тэмцээн зохион байгуулсанд харамсаж байна. Жийп машины талхалсан хөрс хуучин хэвэндээ ортлоо 3-5 жил болдог. Энэ төрлийн нэг машин 3-4 жижиг тээврийн хэрэгслийнхтэй дүйх ул мөрийг байгальд үлдээдэг. Гэтэл авто уралдаанд дандаа ийм (өндөр хүчин чадалтай) машин оролцуулдаг юм билээ. Багадаа 10-20 хүн оролцож, нэг газраа сүлжиж давхидаг гэхээр байгальд хэр хохирол учруулдаг нь ойлгомжтой” хэмээв.
Авто спортын холбоод Хүй долоон худаг, Морингийн даваа, Налайх, Багануур дүүрэг зэрэг нийслэлийн ойролцоох газарт бартаат замын тэмцээн зохион байгуулсаар ирсэн. Гэвч эдгээрийн зохион байгуулалт, тэмцээний дараах үр дагаварт хатуу хяналт тавьдаг байгууллага үгүй. Зөвхөн үүнээс болж хэчнээн га талбай сүйдсэн бэ гэдэгт хариу өгөх нэгдсэн тоо баримт, статистик ч алга. Тэгвэл байгаль орчны салбарын зарим судлаач ийм тэмцээн зохион байгуулах газрыг тусгайлан тогтоож, товлох шаардлагатай гэсэн санал дэвшүүлэв. Хөрс нэмж сүйтгүүлэхгүй байх хамгийн тохиромжтой арга нь энэ гэнэ.
Том жийп болон тусгай тоноглолтой бусад төрлийн машин байгальд хэр зэрэг халтайг мэддэг улс бидэн шиг ийм хайнга ханддаггүй аж. Италид гэхэд 200-гаас дээш морины хүчтэй машин унадаг иргэдэд өндөр албан татвар ногдуулдаг байна. Өмнөд хөршид авто ралли зохион байгуулах зориулалттай талбай цөөнгүй бий гэх. Харин монголчууд бид авто спортын талаар ойлголт, мэдлэггүйгээ анзаарч, хүлээн зөвшөөрөлгүй, байгальд хор нөлөөгүй байдлаар хөгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрчээ. БОАЖЯ-ныхан одоо л энэ асуудалд анхаарч эхлэх шинжтэй. Бартаат замын уралдаан зохион байгуулах тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл зайлшгүй авах, мэдэгдэх шаардлага бүхий албан бичгийг аймаг, дүүргүүдийн БОАЖГ-т хүргүүлсэн талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга дурдав. Тэрчлэн уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газруудад л ийм уралдаан явуулж, дараа нь нөхөн сэргээлт хийлгэх тухай санал, санаачилгууд яамны түвшинд яригдаж эхэлжээ. Харин ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өнгөрсөн хавар өргөн барьсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үүнийг шийдэх зохицуулалтыг тусгасан талаар онцоллоо. Тодруулбал, байгаль орчинд халтай үйл ажиллагааны дараа нөхөн сэргээлт хийгээгүй бол зохион байгуулагчдад хариуцлага ногдуулахаар хуульчилжээ. Хэрэв энэ хуулийн төслийг баталбал авто спортын холбоод болон тэмцээнд оролцогчид тодорхой хэмжээнд хариуцлагатай болох нь дамжиггүй.