Горхи, Тэрэлжийн бүсэд амьдардаг иргэд болон төрийн байгууллагынхны хооронд газрын асуудлаас үүдэлтэй маргаан олон жил өрнөж буй. Тухайн нутагт амьдардаг айлуудын дунд газрын гэрчилгээгүй өрх цөөнгүй бий. Мөн гэрчилгээгээ сунгуулах хүсэлтээ илэрхийлсэн айл өчнөөн байдаг. Тэдний зүгээс “БОАЖЯ, Налайх дүүргийн ЗДТГ, Газар зохион байгуулалтын албаныхан нутгийн иргэд, малчин айлуудын газрын асуудлыг шийдэлгүй олон жил болж буй атлаа аялал жуулчлалын компаниудад давуу эрх олгодог” гэж гомдол гаргасаар ирсэн юм. Тэгвэл БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, Кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар БОАЖ-ын сайдын тушаалаар өнгөрсөн амралтын өдөр Налайх дүүргийн VI хороо, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт ажиллажээ. Тэд эхний өдөр газрын гэрчилгээ сунгуулах иргэдийн хүсэлтийг хүлээж авсан бол ням гарагт кадастрын мэдээллийг тулгаж, цэгцэлсэн аж. Одоо эдгээрийг нэгтгэн, санал боловсруулж, БОАЖ-ын сайдад танилцуулсны дараа тодорхой шийдвэр гаргах юм байна.