“Үнэт эдлэл өндөр үнээр байнга, яаралтай худалдаж авна”. Ийм зарын ард сүм, хийд, музейд хадгалж байсан Монголын түүх соёлын гэрч, үнэт өв, дурсгал болсон нарийн чамин хийц бүхий үнэт эдлэл харийнхны гарт орсоор байна. Энэ талаар “Нууц дуран”- гаар харснаа хүргэе.
ҮНЭТ ЭДЛЭЛ, БУРХНЫГ ГАДНЫНХАН Л АВДАГ
Монголын өв соёлын гэрч болох эртний уран нарийн хийцтэй, үнэлж баршгүй ховор нан дин бү тээл үүдийг иргэ дээс хямд үнээр авч, ха рийнханд өндөр үнээр дамладаг хүмүүс бол дээрх зарыг түгээгч наймаачид. Нийслэлийн хэмжээнд эртний үнэт эдлэл ху далдан борлуулах зөвшөөрөлтэй 100 гаруй дэлгүүр, албан байгууллага үйл ажиллагаа явуул даг. Тэдний ихэнх нь сүм хийд, музейн харуул, манаач, цэвэрлэгчтэй найз. Бидний очсон эхний газар бол Урт цагаанд байрлах эртний эдлэл борлуулдаг чингэлг үүд. Эртний эдлэл зарах, авах тасагт ихэвчлэн 2-3 худалдагч байх аж. Тэр хавьдаа л гайгүйд тооцогдох эртний эдлэл зардаг хэмээн бусдынх нь зааж өгсөн чингэлгийн эзэн, Энхээ гэж өөрийгөө танилцуулсан 50 орчим насны эртэй ярилцлаа.
-Сайн байна уу. Надад маш нандин, нарийн хийцтэй, бүр гайхалтай гэж болохоор тийм бурхан хэрэгтэй байна. Таны лангуун доторх бурхдыг харлаа. Энд миний хүсэж байгаа бурхан алга, танд олдох уу?
-Яг юунд хэрэглэх гэж байгаа юм бэ. Бас яг ямархуу бурхан юм. Нэрийг нь хэлбэл олоод өгч болох байх.
-Гадаадаас ирсэн найз маань гуйгаад байгаа юм аа. Мөнгөнд санаа зоволтгүй. Би хоёр хоногийн дараа бэлэн болгох ёстой юм. За байз, нөгөө алдагдсан гээд байгаа Ногоон дарь эх бурхантай адил бол бүр ч илүү таалагдах байх.
-Ногоон дарь эх бурхан дэлхийд ганцхан хувь урлагийн бүтээл юм гэсэн. Гэхдээ тэр хулгайлсан хүн хэвлэхийг ч үзүүлж өгч байгаа биз. Хэв нь нийтэд тараагдаад эхэлбэл, эсвэл гаднын хэн нэг нь яг тэр бүтээлтэй ижилхэн хэвээр бурхан үйлдвэрлээд эхэлбэл бусад бурхны худалдаа хэсэгтээ хумигдах биз.
-Та өөртөө байгаа ховор бурхнаа үзүүл л дээ. Би маргааш ирэх үү. Та бэлдээд байж байх уу. Ер нь та бурхдаа хаанаас цуглуулдаг юм бэ?
-Янз янзын аргаар л цуглуулдаг. Өвөө, аав нь лам, хувраг байсан айлын үр, ач нар авчирч зарна. Хөдөө хээрээс олсон, бусдаас авсан ч гэрт нь тохирохгүй байна гэх мэт шалтгаантай хүмүүс бидэнд өгдөг. Энэ мэтийн аргаар л цуглуулдаг. Чи маргааш хүрээд ир. Би хоёр, гурван бурхан үзүүлье.
-Өдөрт хэр их орлого олох вэ. Энэ нь ашиггүй бизнес юм биш үү. Хүмүүс бурхан гэдэг утгаар нь нэг их сонирхдоггүй, бараг авахаас ч айдаг байлгүй. Эсвэл эсрэгээрээ юм болов уу?
-Гаднынхан л сонирхож авдаг юм. Чиний хэлдгээр монголчууд нэг их үзээд, аваад байдаггүй. Зун, намрын улиралд орлого сайтай. Өвөл, хавар багасдаг юм.
-Гаднынханд хэр үнэлж өгөх вэ. Нууц биш бол та гаднынханд ямар нэртэй бурхныг хэрхэн үнэд хүргэж байв. Эртний эдлэл зардаг хүмүүс үнэтэй, ховор бараагаа өөр газар хадгалж байдаг гэж ярих юм билээ?
-Ямар ч наймаачин томоохон ашиг олохыг л хичээдэг юм. Ах нь түүхийн үнэт дурсгал гэхээр зүйл нэг их зарж байсангүй. Ихэвчлэн ур хийц сайтай, гуулин, шармал бурхан худалддаг. Надад энд тэнд хадгалж, нуусан бурхан, үнэт зүйл байхгүй ээ. Таньж мэддэг хүнээсээ л асууя.
-Хятад зэрэг зарим орны хүмүүс манайхаас үнэт эдлэл өндөр үнээр худалдаж авдаг гэдэг юм байна лээ. Тийм хүмүүстэй яаж холбогдох вэ. Бас ямар эдлэлийг илүүд үздэг юм бол. Надад үнэтэй чулуу ганц нэг байна?
-Үнэт эдлэл бас бус юм сонирхдог гаднын хүмүүс бидэнд утсаа өгдөггүй. Юм авахаар бол биднийг олоод ирдэг. Гаднынханд юмаа гайгүйхэн үнэтэй өгье гэвэл бидэнтэй л холбоотой ажиллаж байж үнэд хүргэж чадна. Түүнээс биш энгийн хүнтэй шууд уулзахгүй. Бурхан бол ойлгомжтой, ур хийц сайтай гээд явчихна. Хөөрөг бол хаш, зүүлт нь үнэт чулуу байж л үнэд хүрнэ. Сувдан даруулга, гуулин хавчаар худалдаж авахаа байгаад удаж байгаа. Гэхдээ гадаа хүйт орчихсон болохоор гаднын наймаачид бараг ирэхгүй болоод байна. Дулааны улиралд л ирдэг. Ирэхдээ их олуулаа, маш их хэмжээний бараа аваад явцгаадаг. Үнэт чулууг нэг их сонирхохгүй юм билээ.
Энд үнэт чулуу зэрэг жижиг сажиг зүйлийг нь бэлдэж байдаг тусдаа хүмүүстэй гэж дуулдсан гэв. Маргааш нь очвол “Байсан гурван бурхнаа өчигдөр орой зарчихлаа. Ойрын үед гайгүйхэн бараа орж ирэхгүй байх. Ахдаа утсаа үлдээчих. Юм орж ирэхээр залгая” гэлээ. Гаднынхан манай наймаачдаас авсан бараа, Монголын түүх соёлын дурсгалыг эздэд нь буцааж өгөхгүй нь лавтай. Урт цагаанд байрлах чингэлгүүдэд зарагдаж буй ихэнх бараа нь эртний булш, бунхан ухагч болон урт гартнуудаар дамжин орж ирсэн эд зүйлс байдгийг албаны эх сурвалж ярьж байсан юм.
Эртний эдлэл ба булш ухагч
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр “Эртний эдлэл олохын тулд булш, бунхан ухагч”-дын эрэлд гарлаа. Түүх, шастир, эх сурвалжийг судалж, аль нутагт ямар булш, бунхан байх магадлалтайг эрдэмтэн, судлаачдаас дутуугүй олж, түүнийгээ нууцаар ухдаг бүлг үүд бий болсон байна. Тэдний ихэнх нь хятад, өвөрмонгол эзэнтэй. Булш, бунхнаас талийгаачидтай хамт оршуулсан эртний эдлэл, бусад зүйлийг тонож, гарч ирсэн зүйлсийг нь харийнхан авч оддог гэх. Тухайлбал, Өнгөрсөн хавар Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших булшийг дээрх бүлэглэлийн нэг нь монгол судлаачдаас урьтаж олоод, эд өлгийн зүйлсийг нь тоносон байжээ. Энэ мэтчлэн арав гаруй аймгийн 120 гаруй булш, бунхан тонуулчдын гарт өртс өн талаар ШУАийн Түүхийн хүрээлэнгийн мэргэжилтэн ярьж байв. Булш, бунхны олдворуудын үнэт эдлэл, ховор нандин зүйлсийг гаднынхан авдаг бол зэвэрч муудсан, юу болох нь танигдахгүй шахам зүйлс л монголчуудад үлддэг байна.
Хятад, Япон зэрэг орны булш, бунхан ухагч бүлэглэлийнхэн дөрөвдүгээр сарын сүүлчээс есдүгээр сарын дунд үе хүртэл ажлаа амжуулаад нутаг буцдаг байна. Харин бусад цагаа Монголын газар, нутгийн судалгаа, шинжилгээнд зарцуулдаг аж. Тэдний ихэнх нь говийн нутгаас олдвороо хайдаг гэсэн. Олсон үнэт эдлэл, бусад зүйлийг хилээр яаж гаргадаг байна вэ гэх асуулт эндээс урган гарна. Тэднийг “Нэг долгионыхон” гэдэг гэнэ. Долгионыхонд судалгаа, шинжилгээний багийнхан, олдвор хайгч, ухагч, ажилчид, олзворлогчид, олсон зүйлийг нь аюулгүй хадгалагч, наймаалагч, хилийн боомт хүртэл тээвэрлэгч, хилээр гаргагч, эзэмшигч багтана. Энэ нь хил, гаалийн зарим мэргэжилтэн, албан тушаалтан энэ төрлийн гэмт хэрэгтнүүдтэй сүлжээнд орж, хамтран бизнес эрхэлдэг гэсэн үг. Хурааж, хуримтлуулсан зүйлээ хилээр гаргахдаа “Долгионоо барина шүү, хямдхан долгион зөндөө байна. Харин чамд л өндөр долгион бариулж байгаа шүү” хэмээн хэл ойлголцдог гэх. Дийлэнхдээ амжилттай болдог эл бизнес Тайвань, АНУ, Малайз, Япон, Солонгос руу дамнадаг байна.
Сүм хийд, музейн үзмэр, үнэт зүйлийг хамгаалах эрх зүйн орчин алга
Монгол Улсад албан бус тоогоор 300 гаруй сүм хийд бий. 60 орчим музей байдгаас нийслэлд 36 нь үйл ажиллагаа явуулдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үнэт эдлэл, өв соёлын түүх, дурсгалыг хадгалж буй аймаг, нийслэлийн музейд 2008 онд хийсэн шалгалтаар 3100 үзмэр сох дутаж, 5000 гаруй үзмэрийг актлахаар бичиг баримт бүрдүүлэн, 6000 гаруйг нь гаднын улс орны үзэсгэлэнд орж байгаа гэж мэдүүлж байжээ. Гэхдээ гаднын аль улсад, ямар нэртэй үзэсгэлэнд тавигдаж байгаа нь тодорхойгүй, гэрчлэх баримтгүй байсан гэдэг. Түүнчлэн Дундговь аймгийн музейгээс гурван гуулин бурхныг шавраар хийснээр орлуулсан тохиолдол ч уг шалгалтаар илэрсэн гэдэг. Түүнээс хойш хэчнээн нь устаж, буруу гараар орсныг таашгүй. Учир нь Монгол Улс дөрвөн жилд ганц удаа л үнэт, соёлын дурсгалаа тоолдог. Ирэх онд түүх дурсгалын ховор нандин олдвор, бүтээл, үзмэрүүдээ бүртгэх юм.
Засгийн газрын тогтоолоор хосгүй үнэт өвд 593 бүтээлийг бүртгэсэн байдаг. 2008-2010 онд түүх, соёлын хосгүй үнэт бүтээлийг хулгайлж, дээрэмдсэн хэрэг 117 удаа гарсныг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Мөн өнгөрсөн дөрвөн жилд улсын хилээр 23 нэр төрлийн 325 ховор эд зүйл гаргах гэж оролдсоны 93 нь шашны, үлдсэн нь түүхийн ховор, дахин давтагдашгүй үнэт, хосгүй ур хийцтэй эдлэл байсан гэдгийг албаныхан тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсны тоо. Дээрх үзмэр, соёлын үнэт зүйлсийг хэн авсан байж болох вэ? Албаны эх сурвалжийн өгүүлснээр ихэвчлэн сүм хийд, музейн харуул, манаач, хариуцсан албан тушаалтан энэ төрлийн хэрэгтэй шууд холбогддог байна.
Тухайлбал, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байрлах хийдээс бурхан, цөгц, судар, шастир зэрэг 15 нэр төрлийн үнэт зүйл алга болжээ. Хэсгийн төлөөлөгч дээрх эд зүйл хэний гараар орсныг эрэн сурвалжлахад, тус хийдийн манаачаар сүүлийн арав гаруй жил ажилласан гэр бүлийн хоёр хүн Улаанбаатар хотын эртний эдлэл борлуулдаг хүмүүст хямд үнээр зардаг байсан нь өнгөрсөн сард тогтоогдсон. Энэ мэтээр аймаг, сумдын сүм хийдээс хэчнээн бурхан, судар, бусад зүйл алдагдаж байгааг мэдэх аргагүй. Үүнд тавих хяналт, хууль эрхзүйн орчин ч манайд алга. Энд Үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгч асан Б.Энхбатын 1073 ширхэг үзмэр, дурсгал хулгайлан, заримыг нь бусдад дамласан хэргийг дурьдах нь илүүц биз
Б.ДУН