Манай улс хүнсний ногооны тариалалтаа өсгөн, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх болон ногоочдыг дэмжих зорилгоор энэ жилээс зах зээлд борлуулсан нэг тонн бүтээгдэхүүн тутамд 100 000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Эл шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд тариаланчдыг бүртгэлжүүлэх, мэдээллийг нь цуглуулж сан үүсгэх шаардлагатай юм. Тэгвэл НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хүнсний ногоо эрхлэгчдийн бүртгэлийн систем, өндөр түвшний мэдээллийн самбар гэсэн хоёр программыг хөгжүүлснээ танилцуулан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад өчигдөр хүлээлгэн өгчээ. Бүртгэлийн систем нь дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай чухал хэрэгсэл юм байна. Мэдээллийн самбар нь газар тариалан, мал аж ахуйн чиглэлийн бусад статистикийг нэгтгэх, удирдах, үнэлэх боломжийг бүрдүүлэх аж. Ингэснээр салбарын бодлого төлөвлөлтөд хэрэгтэй тоон мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх зэрэг ажлыг хөнгөвчлөх нь. Үүнээс гадна дээрх байгууллагатай хамтран Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх дунд хугацааны бодлогын үндэс, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах, хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг сайжруулах зорилготой техникийн хамтын ажиллагааны хоёр шинэ төслийг эхлүүлэхээр болж, талууд гэрээнд гарын үсэг зуржээ.