Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд 1218 удаа түймэр гарчээ. Үүний тав нь ой, хээрийн, үлдсэн буюу зонхилох нь ахуйн гал түймэр байсан гэнэ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 28.1 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг онцгой байдлын байгууллагынхан дурдлаа. Долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хамгийн олон удаа түймэр гарчээ. Аврагчид зургаан хоногт 22 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 115 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалсан байна. Тэрчлэн сүүлийн найман сарын хугацаанд усны 71 осол гарчээ. Үүний улмаас 69 хүн амиа алдсаны 17 нь хүүхэд, үлдсэн нь том хүн байсан аж. Сүүлийн нэг сарын хугацаанд зөвхөн Туул голд найман хүн живж, нас баржээ. Хамгийн сүүлд уржигдар Налайхад ийм осол болж, 25 настай залуу эндсэн байна.