“Гэсэр” сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэл 0.7 км дугуйн зам тавихаар мэдээлсэн ч бодит байдал ийм байна.
Улаанбаатарын иргэдийн унадаг дугуйн хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байгаа. Үүнд авто замын түгжрэл хамгийн ихээр нөлөөлж байгаа боловч иргэдийн эрүүл амьдрах болон хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх эрмэлзэл нь ийн хөтөлж буй гэхэд болно. Нэг үеийг бодвол нийслэлд унадаг дугуй, төрөл бүрийн моторт хэрэгсэл, цахилгаан скүүтэрээр зорчигчид олширсон. Гэвч түүгээр явах зам, талбай хангалтгүй хэвээр. Ялангуяа хотын төв хэсэгт дугуйн зам бараг үгүй. Гэтэл эл хэсэгт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их, дээд, ерөнхий боловсролын сургууль олон. Тэгвэл энэ жил 10-аад байршилд нийт 50 орчим км дугуйн зам барина хэмээн нийслэлийн Замын хөгжлийн газраас өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байлаа. Ингэснээр Улаанбаатар хот нийтдээ 140 гаруй км урт дугуйн замтай болох юм. Шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын гүйцэтгэлийн ажил ямар байгааг сонирхлоо.
2022 онд нийслэлд дугуйн зам барих хоёр багц ажил хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, эхнийх нь Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 4700, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 1500 метр юм. Түүнчлэн МУБИС-ийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5, “Гэсэр” сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км зам юм. Эдгээрийн өргөн нь 2.5 метр байх бөгөөд стандартын дагуу хийнэ хэмээн Замын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байлаа. Тэгвэл уржигдар дээрх маршрутаар явахад хийсэн ажил алга. МУБИС-иас 13 дугаар хороолол хүртэлх замын урд, хойд талд энд, тэнд нь явган хүний зам дээр зураас зурж, дугуйн зам гаргасан бололтой. Харин “Гэсэр” сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх зайд дугуйн замын зураасан тэмдэглэгээ ч байхгүй, зам гаргах зай ч алга.
Гачууртын уулзвараас НалайхЧойрын чиглэлийн уулзвар хүртэл 16.6 км дугуйн зам тавихаар мэдээлсэн ч ажил нь эхлээгүй
Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүрэхийн тулд төв замаар, эсвэл III, IV хорооллоор дайрч явна. Энэ дагуу ч мөн дугуйн зам байхгүй, дугуйтай хүмүүс явган хүний замаар явцгааж байсан бол Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хороолол хүртэл мөн зориулалтын дугуйн зам тавиагүй, явган хүний замыг зарим хэсэгт нь өргөтгөн, будгаар зурж тэмдэглэжээ. Эл тууш замд дугуйчид мөн л явган хүнтэй зэрэгцэн явцгаадаг аж. Хотын төв хэсэгт дугуйн зам шинээр тавих, эсвэл явган хүнийхийг өргөтгөн, дугуй зорчих боломж бүрдүүлэх шаардлагатайг хэлэх иргэн олон байв. Баянгол дүүргийн иргэн Г.Гандуулга “Манай ажил “Тэнгис” кино театрын орчимд, гэр 10 дугаар хороололд бөгөөд хоорондоо гурван км гаруй зайтай. Ийм богино зайд унадаг дугуйгаар явбал хамгийн тохиромжтой ч зам байхгүй. Явган хүний зам дээр зурсан тэмдэглэгээг дагаж явдаг. Уг нь хотын төв хэсэгт дугуйн замын хэмжээг нэмэгдүүлбэл автомашины хэрэглээ ч зохих хэмжээгээр багасан, түгжрэл буурахад дөхөмтэй” гэв.
Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 4.7 км урт дугуйн зам барихаар мэдээлсэн ч цэг ч тавьсангүй өнөөдрийг хүрэв.
Дугуйн зам барих хоёрдугаар багц ажил нь Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэлх 16.6, Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэлх 17.3, Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух 2.36 км замын ажил юм. Эл ажлын явц ямар байгааг нийслэлийн Замын хөгжлийн газраас тодруулахад мэргэжилтэн н.Басхүү нь мэдэхгүй гэлээ. Мөн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийнхэн ч ямар нэгэн мэдээлэл алга, бүрэн ашиглалтад оруулсан зам байхгүй гэв. Харин Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км урт, 1.5 метр өргөн дугуйн замыг ашиглалтад оруулжээ. Төв замын гол хэсэг ногоон байгууламжийн дундуур хийсэн уг зам иргэдийн сэтгэлд нийцэж, дугуйгаар зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлсэн байна билээ. Ийнхүү энэ жил нийт 50 орчим км урттай дугуйн зам барих ажлын явц ахицгүй байна. Хэдэн төгрөг зарцуулж, ямар компани хийхээр төлөвлөсөн, хэн хариуцаж байгаа талаар нийслэлийн ЗДТГ болон Захирагчийн ажлын алба, Замын хөгжлийн газрын мэргэжилтэн цөөнгүй хүнээс асуугаад мэдээлэл авч чадсангүй. Манай улсын хүйтэн, сэрүүний улирал үргэлжлэх хугацаа урт, иргэд дугуйгаар зорчих хугацаа ч богино. Дээр дурдсан замуудыг одоо барьж эхэллээ ч удахгүй хүйтэрч, хүмүүс зорчих нь багасна. Энэ хавар, зуны төлөвлөгөөт ажил ийм л өнгө төрхтэй байна. Сонирхуулахад, улсын хэмжээнд 2015 онд 13 000 унадаг дугуй импортлон, 511 000 ам.доллар зарцуулж байжээ. Тэгвэл 2020 онд 20 000 орчим дугуй худалдан авахад 1.1, өнгөрсөн жил 27 900-г оруулж ирэхэд 1.5 сая “ногоон” төлснийг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болох нь. Сүүлийн таван жилд манай улсын худалдан авсан унадаг дугуйны тоо лав хоёр дахин өсжээ.