Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар ИБУИНВУ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яамны Зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэх сангийн санхүүжилтээр “Монголын экологийн цагдаа дэлхийн жишгээр ажиллаж, иргэдтэй түншлэх нь” төслийг манай улсад хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн гол зорилго нь олон улсын хууль сахиулах байгууллагын сайн туршлагыг нэвтрүүлж, экологийн цагдаагийн албыг чадавхжуулан, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, тэр дундаа зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах юм. Тэгвэл дээрх газрынхан тус төслийнхөө хүрээнд Архангай аймгийн Булган сум дахь Хойд могойн гол-Тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газарт шувууны судалгаа хийхээр болжээ. Энэ нь хууль бус худалдаанд хамгийн их өртдөг хээрийн бүргэд, идлэг шонхрын тоо толгойг хянах, амьдрах орчинд нь тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох зорилготой аж. Үүнд мэргэжлийн судлаачдаас гадна орон нутгийн иргэдийг оролцуулах нь.