Сүүлийн үед гарсан хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг ЦЕГ-аас өчигдөр өглөө. “Дархан цаазтай Богдхан ууланд тарвага агнаж байна” гэж иргэдийн мэдээлсний дагуу Экологийн цагдаагийн албаныхан тусгай хамгаалалттай бүсэд шалгалт хийхэд Хан-Уул дүүргийн иргэн Б нь Жаргалантын ам орчимд хавх, урхи тавьж, хууль бусаар “хулгар шар” агнаж байжээ. Түүнээс “ТОЗ-8” маркийн буу, урхи тавихад ашигладаг төмөр болон бусад эд зүйлийг хураан авчээ. Эл хэргийг өдгөө мөрдөн шалгаж буй гэнэ. Түүнчлэн Монгол Улсын иргэн Т, Ч, Ц нар их хэмжээний алт, монетон эдлэлийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн хяналтын бүсэд шалгуулалгүйгээр нэвтрүүлэх гэж байсныг алба хаагчид уржигдар илрүүлжээ. Эл хэрэгт холбогдогчид ийм байдлаар өмнө нь олон удаа Туркээс үнэт эдлэл хил нэвтрүүлсэн нь тогтоогдсон бөгөөд сүүлд тэднээс нэг тэрбум төгрөгийн алт, монет хураан авсан аж.
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байлдагч тогонд цохиулж нас барсан, гадаадын иргэд хууль бусаар аргаль, янгир агнасан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд сүүлийн өдрүүдэд тархаад буй. Тэгвэл ЦЕГ-ын холбогдох хэлтсийнхэн эдгээр хэргийг яг одоо мөрдөн шалгаж байна.
Бэлтгэсэн И.Мишээл