Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, бэлэн байдлыг шалгах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүн өчигдөр ажиллажээ. Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн зүүн бүсийн үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, баяжуулах үйлдвэрийн ажлын явц болон хагас коксын үйлдвэрийн барилгын ажил, шахмал түлшний чанарыг илүү сайжруулах туршилт, судалгааны талаар мэдээлэл өглөө. Налайх дүүрэг дэх зүүн бүсийн үйлдвэр нь өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 200 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 65 000 тонныг нөөцөлсөн байна. Энэ жилээс Налайх дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор түгээлтийн сувгийг нэмж, нийслэлийн долоон дүүрэгт нийт 670 цэгээр шахмал түлш борлуулах аж. Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций өртөөнөөс “Тавантолгой” төмөр замтай холбох 22 км төмөр зам барих ажил энэ сарын 15-нд дуусах нь. Нүүрсээ төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчны бохирдлыг бууруулахын зэрэгцээ тээврийн зардлыг 2-3 дахин хэмнэх гэнэ. Мөн шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийг олон улсын стандартад нийцсэн, чанартай бүтээгдэхүүнээр сонгох, ирэх аравдугаар сарын 1 гэхэд 200 мянган тонн “Сайн түлш” үйлдвэрлэж, нөөцлөхийг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.