Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа хамтран далай ээжийн ойр орчимд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын усны хэрэглээг шалгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Эдгээр байгууллагын зүгээс нэн түрүүнд усны тоолуур суурилуулах шаардлагыг жуулчны баазуудад тавьж буй бөгөөд одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн гуравны нэг буюу 40 гаруй нь л үүнийг биелүүлжээ. Мөн хоногт 50 шоо метрээс бага хаягдал ус гаргадаг 68 иргэн, аж ахуйн нэгжид ус бохирдуулсны төлбөр гэж 3.5 сая төгрөг ногдуулсан аж. Мэргэжилтнүүд Хөвсгөл нуур болон Эгийн голын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж, 132 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Мөн усан замын тээврийн зориулалтаар ус ашиглах иргэн, аж ахуйн нэгжүүдэд энэ үеэр зөвшөөрөл олгож, гэрээ байгуулсан гэнэ.