Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын санаачилгаар Яармагийн замд өчигдрөөс нүхэн гарц барьж эхлэв. “Хүннү молл”-ын орчимд уг гарцыг барьж буй бөгөөд тухайн хэсгийн 200 метр замын нэг эгнээг хаасан. Үүнтэй холбоотойгоор хотын баруун урд хэсгийн авто замын ачаалал эрс нэмэгдэж, хөдөлгөөн ихэд удааширчээ. Өчигдөр 13.00 цагийн байдлаар Яармагийн замын хотын төв рүү чиглэсэн буюу “Яармаг” худалдааны төвөөс “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль хүртэлх хэсэг нь нэлээд түгжрэлтэй байв. Уг хэсгийн замын урт нь 2.5 км юм. Замын эсрэг урсгалын хувьд Яармагийн гүүрнээс “Хүннү молл” хүртэлх 1.5 км зам түгжрэлтэй байлаа. Ердөө тав хүрэхгүй минутад туулах боломжтой замд иргэд 30-40 минут түгжрэн зогсох болов.
Байнга түгжрэлтэй байдгаараа алдартай Яармагийн зам өнгөрсөн сард түр “амарсан”. Гэвч нүхэн гарцын ажил эхэлснээс хойш ачаалал нь өмнөх түвшиндээ хүрэв. Өнгөрсөн сарын турш амралт, аялал, зугаалга, наадмууд үргэлжилж, нийслэлчүүд орон нутгийг зорьсон. Тэр үеэр хотын замууд маш сэлүүхэн, түгжрэл гэдэг нь мартагдчихаад байлаа. Харин наймдугаар сар гарч, ажил одоо л хэвийн үргэлжлэх нь үү гэтэл замын түгжрэл ихэсчихэв. Ийм маягаараа Яармагийн зам наймдугаар сарын 22 хүртэл буюу нүхэн гарцын ажил дуустал түгжирнэ. Цаашлаад хичээлийн шинэ жилтэй золгож, нөхцөл байдал улам дордох юм. Уг нь замын ачаалал харьцангуй бага, амралт, зугаалгын оргил үед буюу өнгөрсөн сард нүхэн гарцыг барьж болох байв. Гэтэл өдрөө алдаж шөнө гэгчээр иргэдийн амралт дуусаж, аж ахуйн нэгж, байгууллагууд, ялангуяа төрийн албаныхны ажил ид жигдрэх гэж байтал гарцын ажлыг эхлүүлж, иргэдийг бухимдууллаа. Энэ мэт асуудлыг эртнээс төлөвлөж, ажлаа аль болох иргэдэд төвөг чирэгдэл багатайгаар хийх аргад яагаад суралцахгүй байна вэ. “Замын ажлаа зуны амралтын үеэр хийгээч ээ” гэж иргэд жилийн жилд л анхааруулж, асуудал дэвшүүлж, байнга шахам ярьдаг шүү дээ, дарга нар аа.