Сайжруулсан түлшний зүүн бүсийн буюу Налайх дүүрэг дэх үйлдвэрийг өчигдрөөс ажиллуулж эхэлжээ. Хоёр жилийн өмнө нээсэн тус үйлдвэрийг ийнхүү бүрэн ашиглалтад оруулснаар жилд 900 000-1.2 сая тонн шахмал түлш бэлтгэх боломж бүрдэж буй гэнэ. Харин Сонгинохайрхан дүүрэг дэх баруун бүсийн үйлдвэрийг тодорхой хугацаанд түр зогсоон, түлшний агуулах байдлаар ашиглах болсныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Өчигдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зургаан дүүргийн агуулах болон үйлдвэрийн талбайд нийт 60 000 тонн шахмал түлш нөөцлөөд байгаа аж. Улаанбаатар хотын гэр хорооллын 250 000 орчим айл өрхийн хэрэгцээнд 600-700 мянган тонн “Сайн түлш” хэрэглэдэг юм.