БОАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргаанаас АТГ-т мэдээлэл хүргүүлсний үндсэн дээр тус газраас “Эм энд Жи констракшн” ХХК-тай холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Тус компани Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт буюу Сэлбэ гол дагуух 11.8 га газрыг анх усан парк барих зориулалтаар эзэмшин, ашиглаж байжээ. Улмаар газрын зөвшөөрлөө энэ онд худалдаа, үйлчилгээний болон орон сууц барих зориулалттай болгон өөрчлүүлсэн аж. Ийнхүү газрын зориулалтыг өөрчлүүлэхдээ хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж АТГ-аас үзэж буй юм байна. Уг газар нь голын онцгой хамгаалалтын бүсэд багтдаг бөгөөд Усны тухай хуулийн 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заажээ. Холбогдох хуульд ийнхүү заасаар байтал “Эм энд Жи констракшн” компанийнхан үл тоон, онцгой хамгаалалтын бүсэд орон сууц, худалдаа, үйлчилгээний барилга барихаар болсон нь хууль зөрчсөн, цаашлаад хууль бус шийдвэр гаргуулахын тулд хахууль өгсөн байж болзошгүй хэмээн Туул голын сав газрын захиргаанаас АТГ-т хандсан аж.