Хулгайн гэмт хэрэг сүүлийн саруудад эрс өссөн талаар ЦЕГ-аас өчигдөр мэдээлэв. 2022 оны эхний хагаст ийм төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд 3881 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1716-гаар өссөн үзүүлэлт аж. Нийт хэргийн 72.1 хувь буюу 2802 нь нийслэлд гарчээ. Хулгайлах гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл хувийн өмчийнх хамгийн олон буюу 2357, халаасных 366, тээврийн хэрэгслийнх 43 байна. Гарсан цаг хугацаагаар нь ангилбал дөрөв, тав, зургадугаар сард эдгээр хэргийн зонхилох нь бүртгэгджээ. Энэ нь цар тахлын аюул намжиж, амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой гэнэ. Цаашид ч ийм хэрэг олон гарах эрсдэл бий тул иргэдийг аюулгүй байдлаа ханган, сонор сэрэмжтэй байж гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Тэрчлэн усны ослоос сэргийлэхийг сануулав. Уржигдар Хэнтий аймгийн Гүрмийн нууранд бага насны хоёр хүүхэд осолдож, нэг нь амиа алдсан хэрэг гарчээ.
Бэлтгэсэн И.Мишээл