Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалахад ихээхэн анхаарал хандуулж буй. Нуурт живсэн техник хэрэгслүүдийг 2024 он гэхэд бүрэн татан гаргах ажлыг гадаадын орнуудын тусламжтай, үе шаттайгаар зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэрчлэн өнгөрсөн зургадугаар сард “Хөвсгөл нуурын хамгаалал” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн ордонд анх удаа зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ удаа далай ээжийг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Тус ажлын хэсгийнхэн үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх, байгаль орчны холбогдох хууль, журмын биелэлтэд хяналт тавих чиглэлээр нийт 26 ажил хийх юм байна. Мөн сар бүр Хөвсгөлд очиж, бодит нөхцөл байдалтай танилцан, тэнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үйл явцыг хянах гэнэ. Ажлын хэсгийг энэ долоо хоногт байгуулах бөгөөд ахлагчаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг томилохоор болжээ.