Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Бямбажавынх хоёр хүүхэдтэй, залуу гэр бүл. Өрхийн тэргүүн А.Бямбажав 31 настай, шингэн хүнсний үйлдвэрт механикчаар ажилладаг, гэрийн эзэгтэй жирэмсний амралтаа аваад жил гаруй болсон. Өрхийн сарын цэвэр орлого нь 1.5-1.6 сая төгрөг. Гэтэл байрны түрээс, амьжиргааны болон бусад зардал нь сүүлийн хоёр жилд бараг хоёр дахин өссөн аж. Гэрийн эзэгтэй өрхийн төсөв нь хэрхэн нэмэгдсэн мөн орлого нь огт өсөөгүй байгаа талаар хуваалцлаа. Тэднийх “Содон” хороололд нэг өрөө байр түрээсэлж амьдраад дөрвөн жил гаруй өнгөрчээ. Анх 2017 оны намар байрны түрээсийн төлбөрийг нэг жилээр тооцон, сард 600 000 төгрөг төлж байж. Тэгвэл 2020 оны намраас түрээсийг нь 50 хувиар нэмж, сард 900 000 болгосон юм байна. Мөн өнгөрсөн хавраас цахилгаан, усны төлбөр нэмэгдсээр байрны мөнгөнд сард 60 000 орчим төгрөг зарцуулж байсан нь 80 000-д хүрчээ. Гэрийн эзэгтэй Б.Отгон-Эрдэнэ “Манайх орлогынхоо дийлэнхийг байрны түрээс болон ашиглалтын зардалд зарцуулдаг. Гэтэл түрээсийн төлбөрөө эзэд нь нэмэхээс өөр аргагүй болсноо хэлсэн. Учир нь сүүлийн хоёр жилд үл хөдлөх хөрөнгийн ам метрийн үнэ дунджаар хоёр дахин өсөн, ипотекийн зээл олголт саарсан учраас түрээсийн байрны эрэлт нэмэгдсэн гэнэ. Бид өнгөрсөн гуравдугаар сараас ипотекийн зээл авахаар хөөцөлдсөн ч бүтсэнгүй. Нөхөр маань “Голомт” банкаар цалингаа авдаг. Татвараа хассан дүнгээр сард 1.5-1.6 сая төгрөгийн цалинтай. Би эм зүйн дунд боловсролтой, эмийн санд сарын сая гаруй төгрөгийн цалинтай ажиллаж байгаад жирэмсний амралт авсан. Хэрэв би ажлаа хийж байсан бол зээл авахад арай дөхөм байх нь. Ажилдаа эргэж ороод багадаа гурван сарын дараа зээлийн хүсэлт гаргаж болох гэнэ. “Голомт” банкнаас ипотекийн зээл авах хүсэлтэй хүмүүсийн дараалал энэ он дуустал бичигдсэн юм байх. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг дурдаад ч яах билээ. Манайх хүнс, ахуйн хэрэглээ болон гар утасны төлбөр зэрэгт 2020 онд сард 200 000-300 000 төгрөг зарцуулдаг байсан бол энэ хавар, зуны байдлаар 500 000-600 000-ыг төлж байна. Хамгийн их үнэд орсон бүтээгдэхүүн нь будаа, ургамлын тос, талх, гурилан бүтээгдэхүүн мөн нарийн болон бусад ногоо. Түүнчлэн жимс, жимсгэнэ, сүүн бүтээгдэхүүн, хүүхдийн нэмэлт тэжээлийн үнэ гэхэд литр, кг тутамдаа сар бүр нэмэгдэж байгаа. Гэтэл манай нөхрийн цалин сүүлийн гурван жилд огт өсөөгүй. Уг нь хүнсний үйлдвэрлэл, ялангуяа согтууруулах болон бусад ундааны борлуулалт цар тахлын үед огцом ахисан гэх юм” гэлээ.
Баянгол дүүргийн XVI хорооны иргэн О.Төмөрсүхийнх таван ам бүлтэй. Аав, ээж, хоёр хүүхэд, тэтгэврийн насны эмээтэйгээ амьдардаг. Хүүхдүүд нь зургаа, наймдугаар анги бол нөхөр нь такси үйлчилгээ эрхэлж, эхнэр нь багшилдаг юм байна. Тэдний өрхийн орлого нь тэтгэврийн 420 000, багшийн 800 000-900 000 төгрөгөөр хязгаарлагддаг. Такси үйлчилгээ эрхлээд олох мөнгө нь тогтмол биш ч, өдөр тутмын хэрэгцээний зардлаа даадаг юм байна. Эмээгийн тэтгэвэр түүний эм, тарианд, ээжийн цалин ипотекийн зээлд “явдаг” аж. Тодруулбал, ипотекийн зээлд сард 620 000 төлдөг бөгөөд гэрийн эзэгтэйн цалин зээлээс гадна зурагт, интернэт, байрны мөнгөө төлөөд яг таардаг гэнэ. Харин такси үйлчилгээ эрхэлж олсон орлогоороо гэр бүлийн бусад хэрэгцээгээ залгуулдаг юм байна. О.Төмөрсүх “Би өдөр бүр ажилд гардаггүй ч ажилтай өдрөө дунджаар 80 000 төгрөгийн цэвэр ашиг олдог. Сард 25 өдөр ажиллавал хоёр сая төгрөгийн орлого олно гэсэн үг. Үүнийг таван ам бүлийн хүнсний хэрэгцээнд зарцуулахад хүрэхгүй болж ирлээ. Тухайлбал, 25 кг-аар савласан нэг шуудай гурил жил гаруйн өмнө дунджаар 26 000 төгрөг байсан. Харин энэ сарын байдлаар 36 000 орчимд хүрсэн байна. 20 кг-тай будааны үнэ хоёр жилд хоёр дахин өсөөд өдгөө 70 000-аас давсан. 20 ширхгээр багцалсан, хамгийн хямд үнэтэй ариун цэврийн цаас 15 000 төгрөгөөс 28 000 болсон. Энэ мэтчилэн дурдвал үнэ нь өсөөгүй нэг ч бараа, бүтээгдэхүүн байхгүй. Манайх ам бүл олон, өсвөр насны хүүхдүүдтэй учраас хүнсний зардалд л орлогоо бүгдийг нь зарцуулдаг. Мөн өндөр настнуудын тогтмол хэрэглэдэг даралт, үе мөчний эм болон эрүүл мэндийг дэмжих амин дэмийн үнийн өсөлтийг хэлэх ч юм биш. Энгийн жишээ хэлэхэд, халуун бууруулж, ханиалга дарахад хэрэглэдэг мөхлөгүүд 2020 онд нэг уут нь дунджаар 1800 төгрөг байсан бол өдгөө 4000-д хүрсэн. Гэр бүлд нь өндөр настан, эсвэл өвчтэй хүн амьдардаг өрхүүдийн орлогод эмийн үнийн өсөлт үнэхээр дарамт болж буй. Цар тахлаас өмнө бид гэр бүлээрээ кино үзэж, зоогийн газраар үйлчлүүлж амждаг байлаа. Одоо бол тийм зүйлд зарцуулах мөнгө алга” гэлээ.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэн М.Алтанхишиг хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ээж. Өмнөговь аймаг дахь уул уурхайн нэгэн компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан албаны мэргэжилтэн. Гол төлөв Улаанбаатарын оффист ажилладаг ч шаардлагатай тохиолдолд орон нутагт томилогддог. Сарын цалин нь татварын дараах дүнгээр хоёр сая гаруй төгрөг гэнэ. Байрны болон бусад төрлийн зээлгүй, өөрийн хашаанд, гэрт амьдардаг аж. Хоёр охиных нь сургууль гэртэй нь ойрхон учраас автомашингүй, хүүхдүүд нь өөрсдөө сургуульдаа явдаг гэсэн. Сүүлийн жилүүдэд нүүрлэж буй үнийн өсөлт тэдний амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар М.Алтанчимэг “Би ямар нэгэн зээл авч, хүүгийн дарамтад өртөхөөс сэргийлж амьдардаг ч орон сууцын зээлд хамрагдахаар төлөвлөн, хэдэн төгрөг хуримтлуулж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдтэй, хөдөө явдаг ажилтай учраас орон сууцад орвол аюулгүй, тохилог байх сан. Гэтэл орон сууцын нэг ам метрийн үнэ “хаданд гарлаа”. Уг нь дунджаар 1.8 сая төгрөгөөр 40-50 ам метр байр авч, урьдчилгаа төлбөрт 30 сая төгрөг өгөхөөр төлөвлөн, хуримтлуулж буй. Хэдийгээр хамтран зээлдэгч байхгүй ч урьдчилгаагаа бүрдүүлж, сард төлөх дүнд цалин орлого нь хүрч байвал зээл авч болох юм билээ. Гэтэл сүүлийн нэг жил гаруйн хугацаанд орон сууцын нэг ам метрийн үнэ бараг хоёр дахин өсөн, хамгийн хямд нь өдгөө 2.8 сая төгрөгт хүрсэн байна. Ингэснээр миний төлөх урьдчилгаа багадаа 60 сая төгрөг байхын зэрэгцээ, нэг сард төлөх дүн нь ч нэмэгдэн, байр авч чадахгүйд хүрлээ. Орон сууцын ханшийн өсөлт мэдээж бусад бараа, үйлчилгээ, материал болон тээврийн зардал нэмэгдсэнээс үүссэн гэнэ. Цаашид дундаж давхаргынхан буюу над шиг дээд мэргэжилтэй инженерүүд хичээн хөдөлмөрлөөд, хуримтлал үүсгэн орон сууц авах аргагүйд хүрэх нь” хэмээн урамгүй хэлсэн юм.
Үл хөдлөх хөрөнгө, орон сууц, газраас эхлүүлэн өргөн хэрэглээний барааны үнэ тасралтгүй нэмэгдсээр байна. Ажил хийн, татвар төлж, хуримтлал үүсгэхийг хичээн, аль болох хэмнэж амьдраад ч өрхийн болон хувь хүний орлого нь амьжиргааны зардлынхаа хаана нь ч хүрэхгүй, туйлдаж буй жишээ хаа сайгүй. Дээр дурдсан гурван өрх бол энгийн жишээ. Үндэсний статистикийн газраас энэ оны эхний хагас жилд инфляц улсын хэмжээнд 16.1 хувьд хүрснийг мэдээлсэн. Энэ нь 2021 оны нэгээс зургадугаар сард 10 000 төгрөгөөр борлуулж байсан бүтээгдэхүүн өдгөө 11 610-д хүрсэн гэсэн үг. Гэтэл үнэн хэрэгтээ ийм бага дүнгээр өссөн бараа, үйлчилгээ байхгүй буюу багадаа 50, ихдээ хэд дахин өссөн нь үнэн. Түүнчлэн хадгаламжийн хүү бага байгаа нь иргэдийн хуримтлал үнэгүйдэж, үл хөдлөх хөрөнгө авах боломжийг нь багасгаж буй хэрэг. Үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналтыг цар тахал, импортын барааны хамаарал, улмаар дайн байлдаанаас шалтгаалж буй хэмээн манай эрх баригчид тайлбарласан хэвээр. Тэгвэл тогтмол ажил эрхэлдэг, татвар төлдөг, шударгаар хөдөлмөрлөдөг иргэд, өрхүүд, өөрөөр хэлбэл, дундаж давхаргынханд ээлтэй орчин хэзээ бүрдэх вэ. Бид хэзээ хийсэн ажлынхаа үр шимээр санаа зоволтгүй амьдарч чадах бол.