-Эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшуулал олгохдоо ажлын гүйцэтгэл, үр дүнг нь хэрхэн тооцсон бэ?
-Улсын эмнэлгүүдийн санхүүгийн бие даасан хөгжлийг дэмжих талаар олон жил ярьсан. Үүний цаана салбарын ажилтнуудын цалин нэмэгдэхээс гадна иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжирна. Ажилтнуудын сэтгэл ханамж, цалин, урамшуулал нь тусламж, үйлчилгээний чанартай шууд холбогддог. Бүх ажилтанд ижил урамшуулал олгож болох ч энэ нь үр дүнгүй. Өөрөөр хэлбэл, ажлаа сайн, муу хийдгийг нь ялгах учиртай. Олон хүнд үйлчилж, зөвлөгөө өгч, эмчилж, хагалгааны хүндрэл гаргахгүй, ёс зүйн зөрчилгүй ажиллаж буй эмч, сувилагч, ажилтнууд урамшуулал авах эрхтэй. Үүний тулд байгууллага хоёр зарчим баримталсан. Нэгдүгээрт, байгууллага хэдий хэмжээний орлоготой ажилласныг тооцож, орлогынхоо тодорхой хувийг ажилтнууддаа олгосон. Хоёрдугаарт, тасаг, нэгж бүр хэдий хэмжээний орлого олов гэдэгт анхаарсан. Тусламж, үйлчилгээг шууд үзүүлж буй хүмүүс нь урамшууллын 50, сувилахуйн болон инженер, техникийн зэрэг дэмжих үйлчилгээ үзүүлдэг ажилтнуудад 30 хувийг олгосон. Харин үлдсэн 20 хувийг захиргаа, удирдлага, санхүү, үйлчилгээний ажилтнуудад олголоо. Өөрөөр хэлбэл, тасаг, нэгж бүр харилцан адилгүй урамшуулалд хамрагдсан.
-ХСҮТ хэчнээн ажилтантай вэ. Хэд нь урамшуулал авсан бол?
-563 ажилтантай. Тэднээс 10 нь үндсэн нормоо биелүүлж чадаагүй гэдэг үндэслэлээр урамшуулал аваагүй. Гэхдээ үндсэн цалинг нь олгосон. Үүнд гэрээт ажилтнууд, туршилтаар ажиллаж буй эмч, сувилагч хүртэл хамрагдлаа. Тодруулбал, эмч дээд тал нь 15.8, сувилагч 5.7 сая төгрөгийн урамшуулал хүртсэн. Харин эмч хамгийн багадаа 674 мянга, сувилагч 1.5 сая төгрөгийн урамшуулал авчээ. Сайн ажиллавал ийм хэмжээний цалин авч болох нь гэсэн үлгэр жишээ үзүүллээ.
-Эмч, ажилтнуудад урамшуулал олгосноор үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж дээшлэхээс гадна, авлига, хээл хахуулийн асуудлыг цэгцэлж чадах уу?
-Урамшууллыг тогтмол, тодорхой хэмжээнд ахиулж олгосноор эмч, ажилтнуудын амьдралд бодитой нэмэр болж чадна. Үйлчлүүлэгчээ сайн эмчилж, мэс заслыг хүндрэлгүй хийхийн төлөө улам хичээнэ. Тухайлбал, манай эмнэлэгт 123 хоног хэвтсэн өвчтөн бий. Нэг өвчтөн дунджаар 10 хоног хэвтэнэ гэвэл 12 хүн эмчлүүлэх боломжийг хязгаарлажээ. Мөн 12 хүнд мэс засал хийж, эрүүл мэндийн даатгалаас авах байсан 72 сая төгрөгийг “алдсан” гэсэн үг. Үүний шалтгаан нь хагалгааны хүндрэл буюу эмнэлгийн дотоод халдвар гарсантай холбоотой. Хэрэв эмнэлгийн дотоод халдвар гаргаагүй байсан бол тухайн өвчтөн олон хоног хэвтэх шаардлагагүй. Тиймээс ажилтан бүр эмнэлгийн дотоод халдвар, хүндрэл гаргахгүй байхад анхаарах ёстой.
-Эмчээ сонгож үйлчлүүлэх боломж танай эмнэлэгт бий юү?
-Бий. Эмч нарын танилцуулгыг ил тод байрлуулахаар ажиллаж байна. Ингэснээр эмч нар үйлчлүүлэгчээ татахын тулд илүү хичээх юм. Нэмж хэлэхэд, байгууллага дотроо сувилагчийн цалинг өмнө нь 40 хувиар нэмсэн. Наймдугаар сарын 1-нээс 10 хувиар нэмнэ. Мөн урамшуулал олголоо. Үүнд манай эмнэлгийн ажилтнууд их баяртай байгаа. Ажлын үр дүн сайн байвал ирэх арванхоёрдугаар сард ч урамшуулал олгоно.