Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр буюу Яармагийн замын “Хүннү молл” орчмын хэсэгт нүхэн гарц барихаар болжээ. Дүүргийн ЗДТГ-ын санаачилгаар уг ажлыг гүйцэтгэхээр болсон аж. Бүтээн байгуулалтын ажлыг нь өнөөдрөөс эхлүүлэх юм байна. Үүнтэй холбоотойгоор Яармагийн замыг хэсэгчлэн хаах гэнэ. Тухайлбал, өнөөдрөөс энэ сарын 11 хүртэл “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр авто замын зүүнээс баруун тийш чиглэсэн хөдөлгөөнийг түр хязгаарлах нь. Уг замын баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөнийг энэ сарын 11-22-нд түр хязгаарлах аж. Нүхэн гарц нь 37.5 метр урт байх бөгөөд “Туулын гүүр далай” компанийнхан өнөөдрөөс эхлэн энэ сарын 22-ны 06.00 цаг хүртэлх хугацаанд барьж дуусгах үүрэг хүлээсэн гэнэ. Эл гарцыг барьснаар автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, иргэд зам, тээврийн осолд өртөх эрсдэл буурна гэж тооцжээ.