Механикжсан тээврийн хэрэгсэлд тооцогддог мопед, цахилгаан дугуй, мотоциклын хэрэглээ жилээс жилд нэмэгдэж буй. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас энэ төрлийн тээврийн хэрэгслийг зүй зохистой, болгоомжтой ашиглах, аюулгүй байдлаа хангах, замын хөдөлгөөний дүрэм баримтлахыг анхааруулсаар байна. 2022 оны эхний зургаан сард орон нутагт 51 хүн мотоциклтой осолдож, нас баржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-оор өссөн дүн гэнэ. 78 иргэн хүнд болон дунд зэргийн гэмтэл авсан аж. Харин 40 орчим хүүхэд дугуй, цахилгаан скүүтэр, мопедоор зорчиж байхдаа гэмтжээ. Механикжсан тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл ихэссэнтэй холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Хэврэг эдээс болж амиа бүү тушаа” хэмээх уриалга гаргаад байна. Ташрамд дурдахад, манай улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар бол цахилгаан дугуй, мотоциклийг зөвхөн “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, 18-аас дээш насныхан унах ёстой юм. Түүнчлэн “Хамгаалах малгай заавал өмсөнө, улсын дугаартай байна” гэж тусгасан байдаг.