Увс аймгийн Сагил сумын нутагт өнгөрсөн баасан гаргийн 21.01 цагт газар 5.6 магнитудын хүчтэй хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Газар хөдлөлтийн төв нь сумын төвөөс 40 км зайд, Үүрэг нуур орчимд байсан бөгөөд чичирхийлэл нь Увс аймаг дахь иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна. Түүнчлэн Ховд, Баян-Өлгий аймгийн иргэдэд чичирхийлэл сулавтар мэдрэгдсэн гэнэ. Увс аймгийн Онцгой байдлын газрынхнаас нөхцөл байдлыг тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. Ямар нэгэн хохирол учирсан талаарх дуудлага, мэдээлэл ирээгүй” гэв. Үүнээс өмнө Үүрэг нуур орчимд өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд газар хоёр удаа 4.5 магнитудын хүчтэй хөдөлж, чичирхийлэл нь иргэдэд мэдрэгдэж байв.