Ази тивийн 20 хүртэлх насныхны аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх шигшээ багийнхны бэлтгэл Төв аймаг дахь бэлтгэлийн төвд эхэллээ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад Монголын хөлбөмбөгийн холбооны “Элит” академи, Монголын үндэсний дээд лиг, I лигийн багийн тоглогчид хамрагджээ. Тэднээс 30 нь шигшээ багт орох сонгон шалгаруулалтад тэнцсэн байна. Ахлах дасгалжуулагч И.Отгонбаяр, туслах дасгалжуулагч З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагч Э.Мөнх-Эрдэнэ нарын удирдлагад тэд Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Е хэсгийн тоглолтод ирэх есдүгээр сарын 14-18-нд оролцох юм. Тус тэмцээн Улаанбаатарт болно.