Туул голын сав газрын захиргааныхан Төв аймгийн Заамар сумд хяналт шалгалт хийх явцдаа “Бүрдэл майнинг” компани холбогдох хууль, журмыг зөрчин, байгаль орчинд хохирол учруулж байгааг тогтоосон. Тодруулбал, стандартаас давсан бохирдолтой их хэмжээний усыг Туул голд удаа дараа нийлүүлсэн зөрчил гаргасан. Улмаар дээрх сав газрын захиргааны даргын А/48 тоот тушаалаар тухайн компанийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг өнгөрсөн зургадугаар сарын 30-нд цуцалсан юм. Гэтэл уг компанийнхан саяхныг хүртэл зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан нь гэнэтийн шалгалтаар илэрчээ. Иймд тус компанид хариуцлага тооцуулахаар Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ханджээ. Төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, ус бохирдуулсны төлбөр төлөөгүй, давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хариуцлага тооцуулах гэнэ. Ташрамд дурдахад, “Бүрдэл майнинг” нь Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сумд ашигт малтмал олон жил олборлосон, өмнө нь “Эко алтан Заамар” нэрээр үйл ажиллагаа явуулж байсан компани юм байна.