Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд заасны дагуу үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар түүж, бэлтгэх хуш модны самрын хэмжээг БОАЖЯ жил бүр шинэчлэн тогтоодог. Тухайн жил самар хэр элбэг ургасан, болц нь хэдийд гүйцэхээс хамаардаг гэсэн үг. Тэгвэл орон нутаг дахь ойн ангиуд яг одоо хариуцсан бүсүүддээ самрын ургацын төлөв байдлын судалгаа хийж буй гэнэ. Тэд судалгааныхаа дүн, мэдээллийг ирэх сарын 1 гэхэд БОАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа, хөгжлийн төв”-д ирүүлэх нь. Харин тус төвийн мэргэжилтнүүд судалгаа мониторингийн дүнг нэгтгэж, наймдугаар сарын 20-ны дотор яаманд хүргүүлэх юм байна. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан тус төвийн дүгнэлт, орон нутгаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн есдүгээр сарын 1 гэхэд хэдий хэмжээний самрыг хаанаас, ямар зориулалтаар түүж, бэлтгэхийг тодорхой болгох нь. “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийнхний урьдчилан мэдээлснээр энэ жил самрын ургац тааруу байгаа учир зарим бүсэд өнгөрсөн оных шиг хязгаарлалт тогтоож болзошгүй аж.