Монголчууд зорилтдоо хүрч, 2030 он хүртэл нэг тэрбум мод тарилаа гэж төсөөлье. Тэгвэл эрдэмтэн, судлаачдын тооцоолж буйчлан ойн хэмжээ есөн хувьд (өдгөө манай орны газар нут-
гийн 7.8 хувийг ой эзэлдэг) хүрэх болов уу. Төрийн тэргүүний ярьсанчлан уур амьсгалын өөрчлөлтийн эрчим саарч, экологийн тэнцвэрт байдал хадгалагдан, цөл-
жилт, газрын доройтол намжих уу. Мод тарих санаачилгад гар бие оролцсон, хандив, тусламж өгсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын урмыг хугалахааргүй үр дүнд хүрч чадах уу.
Олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, үндэстнээрээ нэгэн зорилгын дор нэгдэж чадсан гэдгээрээ сайны жишээ болох хувь бий юү. Байдаг хүчээ шавхаад, чадлынхаа хэрээр мэрийгээд нэг тэрбум мод тарьтал ойн сан нь барагдчихсан байх юм биш биз. Ийнхүү эргэлзэж, олон асуулт тавихад хүргэсэн шалтгаан нь манай орны ойн өнөөгийн нөхцөл байдал. Монголын ой яг одоо хортон шавжаас үүдэлтэй өвчлөл, доройтолд үлэмж хэмжээгээр автчихсан байна. Хүнтэй зүйрлэвэл ужиг өвчиндөө шаналж буй нэгэнтэй адил.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний гол зорилго нь ойн санг хамгаалах, нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах юм. Тиймээс судлаач, мэргэжилтнүүд зөвхөн мод, бут нэмж тарихад анхаарах нь өрөөсгөл, одоо байгаа ойн сангаа хамгаалж, “эмчилж”, эрүүл болгох нь чухал гэсэн санал дэвшүүлж, зөвлөмж өгч буй. Тэр дундаа сүүлийн жилүүдэд тархалт нь эрс нэмэгдсэн хортон шавжтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцгойлон сануулсаар байгаа. Харамсалтай нь, манай улс сүүлийн жилүүдэд, тэрбум мод тарих зорилт дэвшүүлснээсээ хойш ч энэ чиглэлээр дорвитой ажил хийсэнгүй. Энэ зуур шарлаж үхэжсэн, хөнөөлд нэрвэгдсэн ойн талбайн хэмжээ улам бүр нэмэгдсээр буй нь харамсалтай.
“Ойн судалгаа, хөгжлийн төв” ТӨҮГ-ынхан өнгөрсөн онд орон нутгийн холбогдох байгууллагынхантай хамтран хөнөөлт шавжийн тархалтын судалгааг улсын хэмжээнд хийсэн. Ингэхэд 16 аймгийн 109 сум, улсын тусгай хамгаалалттай газар, нийслэлийн ногоон бүсийн 732.7 мянган га ой хөнөөлт шавжид эзлэгдсэн байв. Үүний 322 мянган га талбайд нь хортон шавж голомтлон тархсаныг судлаачид тогтоосон. Манай орны ойн сан бүхий газрын хэмжээ 18.5 сая га боловч ойгоор бүрхэгдсэн талбай нь 12.3 сая. Үүний зургаа орчим хувь нь хөнөөлт шавжийн нөлөөнд өртсөн гэсэн үг. Магадгүй энэ тоо “жижиг” санагдаж мэднэ. Гэтэл нийт нөөцийнх нь 70 орчим хувь буюу дийлэнх нь нас гүйцэж, хөгширсөн, байгаль, цаг уурын өөрчлөлтөд хүчтэй өртөж буй ойн хувьд энэ нь яалт ч үгүй “том” тоо. Анхаарал хандуулахгүй байх аргагүй үзүүлэлт. Дээрээс нь хортон шавж тархахдаа, ойг өвчлүүлж, доройтуулахдаа “гарамгай” хурдтай. Хөвдний түймэр шиг л гэлцдэг. Тиймээс эл шавжийн тархалтыг хязгаарлахад дорвитой анхаарах шаардлага тулгарч байна. Хэрэв тэгж чадахгүй бол тэрбум мод тариад ч нэмэргүй нь. Нэг хэсэг нь тарьж, нөгөөх нь сүйтгээд байвал цоорхой хувингаар ус зөөхөөс ялгаа юун.
Манай улс өнгөрсөн хугацаанд ойн хортон шавжтай тэмцэхэд дорвитой анхаараагүй, шаардлагатай хөрөнгийг ч хуваарилж байгаагүй. “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийн нэгэн судлаач “Шавж устгахад шаардлагатай төсвийн таван хувьд ч хүрэхгүй мөнгийг хуваарилсаар ирсэн. Цар тахал нүүрлэсэн сүүлийн гурван жилд үүнийг бүр ч танасан” хэмээн ярьсан юм. Үндсэндээ бид хөнөөлт шавжийн тархалтыг хумих бус, тэлэх бодлого баримталсаар ирсэн юм байна. Улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан санхүүжилт нь хаанаа ч хүрэлцдэггүй учраас ойн ангийн мэргэжилтнүүд, устгалын ажил хариуцсан компаниуд мөнгөндөө “баригдан” жил бүр алгын чинээ газарт ажилласаар өнөөдрийг хүрчээ.
Төрийн тэргүүн “Тэрбум мод” тарих санаачилга гаргасан үеэс учир мэдэх хүмүүс “Улс нийтээрээ ойн салбарт анхаарал хандуулах болсон энэ үеийг ашиглаад хортон шавжаа “дарж авъя” гэцгээж байв. Нэн түрүүнд санхүүжилтийн асуудлыг хөндсөн. Харамсалтай нь, ойн салбарыг хөл дээр нь босгох итгэл найдварыг олон хүнд төрүүлээд буй одоогийн Төрийн тэргүүн, Засгийн газар хортон шавжид эзлэгдсэн ойгоо аварч чадахгүй нь бололтой. Ингэж хэлж буй нь шалтгаантай.
Хөнөөлт шавж устгахад зориулж Засгийн газрын нөөц сангаас 600 сая төгрөг гаргахаар болсон. Эл шийдвэрийг өнгөрсөн лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Хэдий тийм боловч энэ нь 732.7 мянган га талбайг эмчлэхэд шаардлагатай зардлын 10 хувьд ч хүрэхгүй мөнгө юм байна. БОАЖЯ-ны эх сурвалж “Хортон шавж тархсан нийт ойд устгал хийхэд 9.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргасан. Үүнийг бүрэн шийдүүлэхээр оны эхнээс “хөөцөлдсөн” боловч үр дүнд хүрсэнгүй. Шавж устгалын ажлыг богино хугацаанд, үр дүнтэй хийе гэвэл авиахимийн аргаар буюу нисдэг тэрэг ашиглах нь зүйтэй. Ингэж тооцоолоод 9.9 тэрбум төгрөг хэрэгтэй гэж үзсэн. 600 сая төгрөг гэдэг бол маш бага мөнгө. Гэрлэн урхи тавих, үүргийн шүршигч багаж ашиглах аргаар л тэмцэх нь. Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө нь нэгэнт хүрэлцээгүй учир хувийн хэвшил, орон нутгийнхныг энэ ажилд дайчлах бодлого барьж байна. Хууль, журмаараа орон нутгийн засаг захиргаа ойгоос олсон орлогынхоо 85 хувийг ой хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулах ёстой. Үүнийг хэрэгжүүлэх, ялангуяа хортон шавжтай тэмцэхэд анхаарах чиглэлийг БОАЖЯ-наас аймгийн удирдлагуудад өгсөн. Мөн “Рио тинто” зэрэг томоохон компанид энэ чиглэлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах санал хүргүүлсэн” гэв.
Дэлхийн орнууд ойн хортон шавжтай тэмцэхдээ нисдэг тэрэг түгээмэл ашигладаг, манайх шиг гар аргаар “үздэггүй”. Хэрэв ойн сангаа богино хугацаанд эрүүл болгоё гэвэл олон улсын жишиг дагаж, дэвшилт технологи нэвтрүүлэх хэрэгтэйг ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, инженер Т.Батжаргал хэлж байв. Тэрбээр “Хөнөөлт шавж устгах энгийн буюу механик арга нь гар ажиллагаа шаарддаг учраас төдийлөн үр дүнгүй. Өндөрлөг, бартаа саадтай газруудад хүрч ажиллахад бэрхшээлтэй. Нэг хүн өдөрт ихдээ 1.5 га талбайд хор цацдаг. Шингэн хор агуулсан үүргэвчээ үүрээд, уул өөд мацаж, бартаа саадтай зам туулдаг учраас бүтээмж муу. Харин агаарын хөлөг ашиглавал цагт 660 га талбайн хортон шавжийг устгах боломжтой” гэсэн юм. Ойн шавж устгалд агаарын хөлөг ашиглах боломж манай улсад бий ч үүнийг ер ойшоодоггүй, ажил хэрэг болгодоггүй гэдгийг тэрбээр мөн онцолсон. Монгол Улс ойн салбартаа хэр зэрэг анхаарал хандуулдгийг энэ жишээнээс харж болно.
Хөнөөлт шавж устгах хамгийн тохиромжтой хугацаа нь зургаа болон долдугаар сар гэнэ. Гэтэл Засгийн газар энэ хугацаа дуусах алдад санхүүжилтийн асуудлыг шийдэв. Устгалын ажил зохион байгуулах тохиромжтой хугацаанд буюу сүүлийн хоёр сард холбогдох байгууллагынхан ердөө 56 мянган га талбайд хүрч ажиллажээ. Найм, есдүгээр сард мөн устгалын ажил зохион байгуулах ч хөнөөлт шавжуудын ихэнх нь энэ үед эрвээхэй болж өсөж бойжсон байдаг учраас төдийлөн үр дүнгүй гэдгийг мэргэжилтэн хэлэв.