Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Өлзийтийн гудамжинд Дундговь аймгийн харъяат 57 настай, эмэгтэй “Ч” гэгч нь 2022 оны долдугаар сарын 22-ны өдөр толгойн хэсэгтээ шархтай, гадны нөлөөтэй нас барсан байжээ. Уг хэргийг 58 настай, эрэгтэй “З” гэгч үйлдсэнийг шалгалтын дүнд тогтооход, тэрбээр хэргийн газраас оргон зугтсан байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зургаа хоногийн турш тасралтгүй явуулж өнөөдөр буюу 2022 оны долдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумаас саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Шалгалтын явцад “З” гэгч нь урьд өмнө хүчиндэх, хулгайлах, хүний биед хүнд гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэг үйлдэж, зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан нь тогтоогджээ.