Нийслэлийн ЗДТГ-аас хуучин гарааш, зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгаж буй. Эл ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Сонсголон, 22-ын товчооны зам дагуух нийтийн эзэмшлийн талбай дээр байршуулсан 33 самбарыг буулгажээ. Улмаар үзэгдэх орчныг хязгаарласан, зөвшөөрөлгүй байрлуулсан самбаруудыг буулгаж, чөлөөлсөн талбайд замын мэдээлэх, зүг, чиг заах тэмдгүүдийг нэмэгдүүлэх гэнэ.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах То Ван 24-р байрны баруун талын гараашуудыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг авто зогсоол болгон тохижууллаа. Зөвшөөрөлгүй гарааш буулгасан байршлыг нийтийн эдэлбэр газарт бүртгэн, чөлөөлсөн талбайд явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай зэргийг байгуулан тохижуулж байгаа юм.
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 39 дүгээр цэцэрлэгийн ойролцоох гарааш буулгасан талбайд явган хүний зам тавьж, автомашины зогсоол байгуулж эхэлжээ.