Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг үндэсний хэмжээнд болон дэлхийн тавцанд хүргэх зорилготой “НҮБ-ын залуу төлөөлөгч-байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг ирэх сарын 20-ноос хэрэгжүүлж эхлэх нь. НҮБ-ын Нийгэмлэг болон Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрт 18-30 насны 30 залууг хамруулж, хоёр сарын турш байгаль орчны мэдлэг олгож, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарлыг нь хандуулах юм байна. Тэрчлэн байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангах нь. Залуусаас шилдэг хоёр оролцогчийг шалгаруулж, энэ оны сүүлчээр Египет, Канад улсад болох НҮБ-ын олон улсын хуралд оролцуулах аж. Хөтөлбөртэй холбоотой мэдээллийг info@unamongolia.com болон UNAssociationMGL цахим хуудаснаас авах боломжтой.