Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг, Туулын их тохойрол хэмээх газарт ашигт малтмал олборлож байсан “Вайнд майнд” компанийн үйл ажиллагааг зогсоожээ. Тус компанийнхан хаягдал усаа Туул голд нийлүүлж байсныг сав газрын захиргааны мэргэжилтнүүд шалгалтаар илрүүлсэн аж. Түүнчлэн гадаргын усыг зөвшөөрөлгүй ашиглаж байсныг нь тогтоожээ. Энэ талаар Туул голын сав газрын захиргааны Уул уурхай, эрчим хүчний ус ашиглалтын хэлтсийнхнээс тодруулахад “Хэр хэмжээний бохир усыг хэдий хугацаанд голд нийлүүлснийг мэдэхгүй. Юутай ч ашигт малтмал олборлох үйл ажиллагааг нь зогсоосон. Бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор уснаас дээж авч, лабораторид хүргүүлсэн. Шинжилгээний хариунаас шалтгаалан ус бохирдуулсны төлбөр ногдуулж, арга хэмжээ авна” гэв.
Тус байгууллагынхан уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавих зорилгоор Туул гол газар нутгаар нь урсдаг аймгуудад ажлын хоёр хэсэг томилон, хяналт шалгалт хийж буй юм байна. Энэ хугацаанд цөөнгүй зөрчил илрүүлсэн бөгөөд таван компанид сануулах арга хэмжээ авч, нэгийнх нь ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцалжээ.