Энэ зун нийслэлд хур тунадас элбэг орж, ялангуяа түр зуурын аадрын улмаас хэд хэдэн удаа үер буун, тухай бүрт нь хотын зам, талбай усанд автлаа. Бороо орох, үер буух бүрт холбогдох албаныхан ус зайлуулах шугам сүлжээгээ сайжруулна, шинэчилнэ гэж ярьдаг. Ийнхүү ярьсаар олон жилийн нүүр үзсэн ч одоогоор дорвитой шийдэл олоогүй л байна. Үндсэндээ дулааны улиралд, бороо орохоор л энэ талаар яриад, бусад үед нь мартчихдаг уламжлал тогтоод уджээ.
Улаанбаатар хот 1200 гаруй км авто замтай. Харин ус зайлуулах шугам сүлжээний урт 209 км юм байна. Үүнийг замын урттай харьцуулахад маш хангалтгүй бөгөөд цаашид 2040 он хүртэл 461 км урт шугам хоолойг шинээр барьж байж замд ус тогтох, үерт автах асуудлыг шийднэ гэдгийг Геодез, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан хэлэв. Тус газрынхан энэ жил есөн байршлын газарт ус зайлуулах шугам хоолой барьж буй аж. Гэсэн ч энэ нь хангалтгүй бөгөөд уг ажлыг гүйцэтгэснээр ус зайлуулах шугамын урт ердөө 2-3 км-ээр нэмэгдэх юм байна.
Нөгөөтээгүүр, одоогийн 209 км шугам сүлжээ нь ч шаардлага хангахаа больж, 70 хувийнх нь насжилт хэтэрсэн бөгөөд шинэчилж, сайжруулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Бодит байдалд Улаанбаатар хот ус зайлуулах сүлжээгүйгээс ялгаагүй гэсэн үг. Нөхцөл байдал ийм байхад яагаад үүнд анхаардаггүй, арга хэмжээ авдаггүй талаар С.Батсайханаас тодруулахад “Үерийн ус зайлуулах шугам сүлжээ барих өртөг маш өндөр. Хэсэгхэн газарт хийх ажлын өртөг гэхэд л тэрбум тэрбум төгрөгөөр яригддаг. Төсөвлөсөн хөрөнгө хангалттай хүрэлцдэггүй. Тэгэхээр төсвийн хэмнэлтийн үед үүнд их хөрөнгө зарах боломжгүй байгаа” гэв.
Орон нутагт ч ялгаагүй, замуудын чанар тааруу, ус зайлуулах шугам хоолой хангалтгүй байна. Шинэчлэн тавьж буй Дархан-Уулын замын хамгийн амжилттай яваа хэсгийнх нь асфальт хучилт хүртэл уржигдрын борооноор хууларчээ. Хуучныг нь хуулаад өчнөөн жил болсон уг замын арай гэж дууссан хэсэг нь ийнхүү эвдэрч, хэр чанартай ажил гүйцэтгэж байгаад нь бороо “дүн тавьчихав”. Улмаар Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутай, эсэхийг шалгаж тогтоохыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Албаныхны хувьд ус зайлуулах хоолой ярихаар л төсвийн талаар хөнддөг. Өөрөөр хэлбэл, төсөв хүрэлцээгүйгээс болж ус зайлуулах шугам сүлжээг шийдээгүй гэх. Гэтэл үүний цаана хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, иргэдийн амьдралын чанар доройтон, цаашлаад зарим нь амиа алдаж байна. Уржигдар гэхэд л Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо буюу “Эмээлт” зах, 61-ийн гарам орчимд 14.00- 14.30 цагт түр зуурын аадар бороо орсны улмаас нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто болон төмөр зам, айлууд үерт автав. 30-хан минутын бороонд л хот усанд автаж, авто замууд тараа таниуллаа. Хотын төв хэсгийн замуудаар хүртэл ус урсаж, явган хүн байтугай автомашинаар зорчиход ч хүндрэлтэй болсон. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр бол үерт 58 айлын гэр, байшин, ойролцоох гудамж, талбай нь усанд автжээ. Тэдгээрээс гурван гэр, 10 хашаа, нэг саравч, явган хүний гүүр нурсан байна. Үерийн улмаас долоон хүн, түүний дотор гурван хүүхэд усанд боогдсон байсныг завиар зөөж, аюулгүй газарт хүргэсэн гэнэ.
Сар гаруйхны өмнө Сонгинохайрхан дүүрэг, “Эмээлт” орчимд үер бууж, улмаар хотын төв, гэр хороолол гэлтгүй үерийн усаар бохирлогдож, энд тэндгүй хог овоорсон байв. Үүний дараа үерийн эрсдэлийг бууруулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул бэлтгэлгүй, хариуцлагагүйгээс үүссэн асуудал дахиад л давтагдлаа. Цаашид бороо ордгоороо л орно. Тэр үед дахиад л бэлтгэлгүй хэвээр суух уу. Уржигдрын үерээр төмөр зам хүртэл эвдэрсэн. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам”-ын Рашаант-Давааны зөрлөг хоорондын төмөр замын 75 орчим метр хэсэг нь эвдэрч, галт тэрэг зорчих боломжгүй болжээ. Үүний улмаас Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлийн галт тэргийг Рашаант өртөөнд, Дархан-Уул-Улаанбаатарын чиглэлийнхийг Ногоонтолгойн өртөөнд зогсоож, зорчигчдыг нь автобусаар Улаанбаатар луу тээвэрлэсэн байна. Мөн уржигдар 18.40 цагт Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлд явуулахаар төлөвлөсөн зорчигчийн галт тэрэгний хуваарийг хойшлуулсан гэнэ. Замын эвдэрсэн хэсгийг уржигдар 22.46 цагийн орчимд засаж дууссан аж. Нөхцөл байдал ийнхүү даамжирсаар байгаа атал хэдий болтол зүгээр суух вэ.