Чингэлтэй дүүрэг, II хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар.
2022.07.26 14.50 цаг
Улаанбаатар хотын төв өчигдөр нүхэн жорлон, муу усны нүхний бохироор угаагдлаа. Нийслэлчүүд авто зам дээр үерт боогдож, нянгийн бохирдолтой ус хаа сайгүй туучив. 11.00 цагаас эхлэн хэсэгчлэн орсон, усархаг борооны улмаас 14.00 цаг гэхэд Улаанбаатар хот “Усанбаатар” болсон юм. Гандангийн дэнж, Эрдэнэтолгой зэрэг өндөрлөг, гэр хороолол бүхий газруудаас их хэмжээний бохир ус төв зам руу урсан орж ирэв. Дарь-Эх, XIII хороолол, Баянзүрх дүүргийн III, VII хороо буюу Баянцээлийн гудамж, Бээжингийн гудамж, БНЭУ-ын ЭСЯ орчим, Баруун дөрвөн замын уулзвар, Сүхбаатарын талбайн хоёр талын зам гээд хотын төв, гэр хороололгүй усанд автсан байлаа. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг дэх “Эмээлт” зах, 61-ийн гарам орчимд их хэмжээний үер бууснаас авто замын зорчих хөдөлгөөнд саад учирсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм.
Нийслэлийн баруун хэсэг дэх дээрх газруудад үер бууснаас үүдэлтэйгээр 15.00 цагийн үед автомашины түгжрэл үүссэн байв. Тиймээс тухайн бүс дэх замын хөдөлгөөнийг цагдаагийн алба хаагчид зохицуулж, ус татартал тус хэсгээр зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд 61-ийн гарам-Баруунтуруун гэсэн маршрутаар явах зөвлөмж, чиглэлийг жолооч нарт өгчээ. Алба хаагчдын зөвлөмжийг дагалгүй, зам хөндлөн гарах гэж оролдсоноос нэгэн жолооч машинтайгаа далангийн хажуу руу унасан явдал энэ үеэр болжээ.
Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутагт 15.00 цагийн үед түр зуурын аадар орсноос зам, талбай, цөөнгүй айлын гэр, байшин усанд автжээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын болон тус дүүрэг дэх салбар хэлтсийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангахаар 16.40 цагийн үед газар дээр нь ажиллаж байв.
Өчигдөр төвийн болон говийн аймгуудын зарим, зүүн аймгуудын ихэнх нутагт дуу цахилгаантай аадар, түр зуурын усархаг бороо орсон талаар цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Өмнөговь аймагт 14.00 цагийн алдад мөндөр орсон гэнэ. Дархан-Уул аймгийн замд хотын баруун хэсэгт үүссэнтэй ижил нөхцөл байдал бий болж, тээврийн хэрэгслүүд усанд боогдон, шавар шавхайнд суусан байна. ЗТХЯ-наас мэдээлснээр тус чиглэлийн замын I багц буюу Баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын хэсэг дэх асфальт бетон хучилт эвдэрчээ. Тухайн хэсэгт шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа талаар яамныхан 17.30 цагт мэдээлэв.
Ойрын өдрүүдэд хур тунадас элбэг орж байгаатай холбоотойгоор Эг, Үүр, Туул, Хүдэр, Онги, Хэрлэн, Улз, Халх зэрэг томоохон голын усны түвшин тогтмол нэмэгдсээр буйг цаг уурчид онцлоод, иргэдийг үерийн аюулаас сэрэмжлүүлэв.
Ташрамд дурдахад, гол, мөрний усны түвшин нэмэгдсэн, орон нутагт баяр наадам үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд усанд осолдох, золгүй байдлаар амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Уржигдар гэхэд Хэрлэн голд хөл алдан живсэн нэгэн эрэгтэйг орон нутаг дахь цагдаагийн алба хаагчид уснаас шуурхай гаргаж, амийг нь аварчээ. Хэнтий аймагт энэ сарын 23, 24-нд болсон “Их хурд” бүсийн уралдааны хамгаалалтад ажилласан цагдаагийн хоёр алба хаагч Бор-Өндөр сум руу буцах үедээ тусламж гуйн хашхирах хүний дуу сонссоноор тухайн иргэнийг усанд эндэх аюулаас аварсан аж. Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Эг, Онон, Хэрлэн голын усны түвшин өчигдөр өмнөх өдрийнхөөс 10-20 см-ээр давж үерлэсэн байв.