“Ноёд групп” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Хурцаа нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан нэмж шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэгт олон жил шалгаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай, эсэхийг нь тогтоогоогүй чирэгдүүлсэн хэмээн Г.Буяндорж, эхнэр Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн хамт суулт зарлаж, мэдээлэл хийж байсныг уншигчид санаж буй. Тэд “Хонгилын прокурорууд хэлмэгдүүлж байна. Нэр бүхий прокуроруудад хариуцлага тооцох ёстой” хэмээж байсан билээ.
Тэгвэл дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө залилсан, 13.14-1-ийн “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна. Тодруулбал, дээрх дөрвөн хүнийг бүлэглэн БНХАУ-ын иргэн Шиан Дуншэнд мэдэгдэлгүй 2011 оны зургадугаар сарын 27-нд “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг Шиан Дуншэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Хурцаа гэх нэрээр үйлдэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хүргүүлж тус компани болон БНХАУ-ын Тианжин хотын “Тайшин худалдааны экспорт импорт” компанийн хооронд мөн оны гуравдугаар сард байгуулсан ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Шиан Дуншэнээс шилжүүлсэн хоёр сая ам.доллараас 1.2 саяыг нь “Скай тауэр Энхбуян” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн болон “Голомт” банкны дансаар авч залилсан хэрэгт буруутгасан юм.
“Тайшин худалдааны экспорт, импорт” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн Шиан Дуншэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хооронд 2011 оны гуравдугаар сарын 18-нд байгуулсан ELYT-2011-0125 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”- ний үндсэн дээр төмрийн хүдрийн баяжмалын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн хоёр сая ам.доллараас авахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн. Түүнийгээ Улаанбаатар хот дахь Төв шуудангаас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК руу факсаар илгээн төөрөгдүүлж хохироосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж үзээд уг дөрвөн хүнд яллах дүгнэлт үйлдсэн аж.
Тэдэнд холбогдох хэргийг Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 13-нд хянаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр нь үлдээсэн байдаг. Уг нь Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Хурцаа нарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгаад байсан юм.