Барилга, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг SCT компанийн захирал “Манай компани байгуулагдаад 18 жил болсон, үндсэн 60 гаруй ажилчинтай. Туслан гүйцэтгэгчдээ оролцуулбал ажил ихтэй үед багадаа 300 хүнийг өдөр бүр ажлын байраар хангадаг. Өөрсдийн хөрөнгөөр орон сууц, барилга байгууламж барихаас гадна улсын төсвөөр гүйцэтгэх ажилд оролцдог. Ер нь жил ирэх бүр барилгын материал, шатахуун болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэж байдгаас ялангуяа төсвийн санхүүжилтээр хийх бүтээн байгуулалтын ажил тооцоот өртгөөсөө давдаг боллоо. Сүүлийн 5-6 жилд төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын цэвэр ашиг маш бага гарсан. 2020 оноос хойш 2021 оны эхний хагас жилийг дуустал бид баруун аймгийн таван сумд соёлын төв, сурагчдын дотуур байр болон бусад барилга барих, засварлах ажилд зарцуулсан хөрөнгийн зөрүүгээ өдгөө авч чадаагүй байна. Тодруулбал, ажлын зардал сүүлийн хоёр жилд өссөн учраас зөрүүнд 1.1 тэрбум орчим төгрөг авах хүсэлтээ Барилгын хөгжлийн төвд гаргасан. Ажлаа одоо банкны зээлээр санхүүжүүлж явуулж байна. Зээлийн хүү сарын 2.6-2.8 хувь. Гэтэл улсаас нэхэмжилж буй мөнгийг бодитой, эсэхийг тооцон хэрэв өгөхөөр бол ирэх оны төсөвт суулгаад, жилийн дараа олгох гэнэ. Улс мөнгөгүй, барилга барьж буй аж ахуйн нэгжүүд нь ч мөнгөгүй байгаагаас нөхцөл байдал улам хүндэрлээ. Ирэх жил авах мөнгө нь банкнаас авсан зээлийн хүүд татагдан, ямар ч ашиг гарахгүй нь” гэсэн юм.
Дээрх компанийнхантай ижил нөхцөл байдалд орсон, барилгын материалын үнэ нэмэгдсэн учраас санхүүгийн дарамтад өртсөн аж ахуйн нэгжүүд цөөнгүй бий. Тодруулбал, барилгын фасад хийдэг буюу туслан гүйцэтгэгч “Zemst” компани үндсэн гүйцэтгэгчээсээ 247 сая төгрөгөө авч чадахгүй хоёр жил орчим болжээ. Үндсэн гүйцэтгэгч нь тендерт оролцон Төв, Сэлэнгэ аймаг, Хан-Уул дүүрэгт бүтээн байгуулалт хийлгэсэн аж. Гэхдээ бүтээн байгуулалтын зардал нь төсөвт өртгөөсөө хэтэрсэн учраас санхүүгийн алдагдал хүлээн, улсаас мөнгө нэмж гаргуулахаар болсноо учирлан хүлээлгэж буй гэнэ. “Zemst” компанийн захирал Ч.Улаанхүү “Бид барилгын гадна фасад, дулаалга хийдэг. Гэтэл зөвхөн хөөсөнцөрийн үнэ сүүлийн нэг жилд 2.3 дахин нэмэгдсэн. Цемент, бетон, өнгөлгөөний материалын үнэ ч жилд багадаа 60, ихдээ бараг гурав дахин өссөн. Өөрсдийн санхүүжилтээр ажил хийн, үйлчилгээгээ борлуулсан тохиолдолд тухайн ажлын хөлсөө нэмж болно. Гэтэл тодорхой төсөвт баригдаж хийсэн ажлын зардал дийлдэхээ больж, ажилчдынхаа цалинг ч тавьж хүчрэхгүй байна” хэмээв.
Сүүлийн хоёр жилд инфляц болон шатахууны ханш тасралтгүй нэмэгдсэн, мөн олон улсын тээвэр саатсан нь барилгын салбарынхныг алдагдалд оруулах үндсэн шалтгаан болсон билээ. Тиймээс ч барилга барьдаг болон туслан гүйцэтгэгч цөөнгүй компани мэдээлэл хийж, улсын төсвөөс нэмж хөрөнгө гаргуулах шаардлага Засгийн газарт хүргүүлсэн. Тодруулбал, 2020-2022 онд улсын төсвөөр гүйцэтгэсэн, гүйцэтгэхээр шалгарсан 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгчид гомдол гаргасан юм. Эдгээрээс 851 төсөл, арга хэмжээнд магадлал хийхээр болсныг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлсэн бөгөөд өчигдрийн байдлаар 534-ийг хэрэгжүүлэх явцад хэтэрсэн зардалд 274.3 тэрбум төгрөг олгохоор баталгаажуулжээ. Харин 371 төсөл, арга хэмжээг нэмж магадлахаар болсон аж. Энэ талаар Барилгын хөгжлийн төвийн Зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангал “Барилгын компаниудын төлөөлөл хэвлэлийн бага хурал удаа дараа хийж үнийн өсөлтийн улмаас ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрлээ гэсэн. Үүний дагуу манайхаас компаниудын хүсэлт, үнийн өсөлтийн улмаас санхүүгийн хүндрэлд орсныг нотлох баталгаа, санхүүжилт болон худалдан авалт, зарлагатай холбоотой материалыг хүлээн аваад хоёр сар орчим боллоо. Бидэнд хандах учиртай 317 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчээс өнөөдрийн (өчигдөр) байдлаар 10 хүрэхгүй хувь нь материалаа ирүүлсэн. Бид материал хүлээн авах хугацаагаа сунгаад ч нэмэр алга. Дээр дурдсан 274.3 тэрбум төгрөг дээр нэмээд ахин материалаа ирүүлсэн компанийг магадлан, БХБЯ-нд мэдээлж, нэмэлт санхүүжилт гаргуулна гэсэн үг. Нэмэлт санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт суулгах нь үнэн. Өөрөөр шийдэх боломжгүй” гэв.
Манай улс дотоодоос цементийн хэрэгцээгээ бүрэн хангадаг гэдэг бол барилга барихад шаардлагатай, түгээмэл 2000 материалын 65 орчим хувийг импортолдог аж. Ачаа эргэлт буурсан, тээврийн зардал нэмэгдсэн мөн импортын барааны үнэ нь өссөн шалтгаанаар барилгын материалын үнэ сүүлийн нэг жилд дунджаар 40 хувиар өссөнийг БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг дурдлаа. Хувийн хэвшлийнхэн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй ажлаа үргэжлүүлж чадахгүйд хүрсэн талаараа гомдол мэдүүлж буйгаас дээрх арга хэмжээг авч, нэмэлт санхүүжилт олгохоор болсныг ч тэрбээр хэлсэн. Гэхдээ ажил гүйцэтгэлийн гэрээг хэзээ байгуулж, санхүүжилтээ хэдэн оны хэдэн сард авсан зэргийг нарийн тооцон, үнийн өсөлтөд өртсөн, эсэхийг магадлах юм байна.
Түүнчлэн дотооддоо үйлдвэрлэж буй боловч цементийн үнэ тогтмол нэмэгдсээр байгаа билээ. Энэ нь эрэлт их, нийлүүлэлт бага байгаатай холбоотой. Харин нийлүүлэлтийг тасралтгүй явуулахад тээвэр ложистик чухал. Тухайлбал, МАК, “Монцемент” зэрэг томоохон үйлдвэрлэгчээс өдөрт 25 вагон цемент ирүүлэх боломжтой ч вагоны хүрэлцээ муугаас үүний 40 хүрэхгүй хувийг татан авч буйг БХБЯ-наас мэдээлсэн. Тиймээс вагон нэмж гаргах хүсэлт “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүргүүлжээ. Тус нийгэмлэг цахилгаан станцуудын хэрэгцээг хангах, уул уурхайн бүтээгдэхүүн болон импортын бараа материалын тээвэрлэлтийг эхний ээлжид эрэмбэлэн вагон тавьж өгч буйгаа илэрхийлсэн байна. Юутай ч цементийн тээвэрлэлтийг орхигдуулахгүй, аль болох хүндрэлгүй байдлаар зохицуулж буй гэнэ.
Ташрамд дурдахад, одоогоор улсын хэмжээнд барилга угсралт, зураг төсөл боловсруулалт, материлын үйлдвэрлэл зэрэг чиглэлээр нийт 6500 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 74 000 орчим хүн ажиллаж байна. Харин улсын төсвөөс 2020 онд 691 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 546.3 тэрбум төгрөг баталсан аж. Өнгөрсөн жил 824 төсөл, арга хэмжээг 850.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр болсон ч үүний 63 хувийг нь энэ он дамжуулан хийж байгаа гэнэ. 2021 онд шинээр 308 төсөл, хөтөлбөрийг гүйцэтгэхээр компаниуд саналаа ирүүлж байсан нь өмнөх жилийнхээсээ хоёр дахин буурсан дүн болжээ.