Зэвсэгт хүчний 167 дугаар ангид гарсан хэрэгтэй холбоотойгоор цөөнгүй хүнийг ажлаас нь халж, төрийн албанд ажиллах эрхгүй болгосон хэмээн Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр мэдээлэв. Тэрбээр “Зэвсэгт хүчний хуурай замын командлагчийн долдугаар сарын 22-ны тушаалаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч болон захирагчийн нэгдүгээр орлогчийг албан тушаалаас нь чөлөөллөө. Барилга дээр ажиллаж байгаад нас барсан цэргийн үхлийн шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газар хэргийг шалгаж байна. Цагдаа, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний хариу гараагүй тул мэдээлэл өгөх боломжгүй. Талийгаачийн ойр дотнынхон, ар гэрийнхэнд дахин гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ. Зэвсэгт хүчний 167 дугаар ангид албаны шалгалт хийж, тодорхой арга хэмжээ авч байгаа гэнэ.
Мөн Ховдын цэргүүд сүрьеэгээр өвчилсөн талаар мэдээлэл өглөө. Тус штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар “Эхлээд Монгол Улсын сүрьеэгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгье. Монгол сүрьеэ өндөр тархалттай дэлхийн 30 орны нэг. Нийгмийн архаг явцтай халдварт өвчин. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сүрьеэ туссан байлдагч цэрэгт ирэхээсээ өмнө үеэлтэйгээ амьдардаг байсан. Үеэл нь эмэнд дасалтай сүрьеэгээр өвдөж байсан юм билээ. Цэрэгт ирснээсээ хойш гуравдугаар сард сүрьеэ нь илэрсэн. Ер нь сүрьеэгийн халдвараар идэр насны залуус түлхүү өвддөг. Цэргийн албаныхан нэг казармд хуарагнаж амьдардаг. Ойр байсан цэргүүд нь өвдсөн. Гэхдээ идэвхгүй хэлбэрээр өвдсөн. Нууц хугацаа зургаан сар үргэлжилдэг. Цээжний рентген зургаар ч зарим нь илэрдэггүй. Тухайн өвдсөн хүүхэд ковид туссан. Давхар ужгирах шинжтэй байсан учраас нарийн шинжилгээ хийж илрүүлсэн. Орос цэргүүд сүрьеэ тусаагүй” гэлээ.
Мөн хурлын төгсгөлд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч хэвлэл, мэдээллийн ажилтантай буруу харилцсан. Тиймээс арга хэмжээ авна. Одоогоор тухайн орон газарт ажил ихтэй байгаа, Сэлэнгэ сургуулилалттай, үүрэг гүйцэтгэх шаардлагатай байгаа учраас тодорхой шийд гараагүй байна. Бид аливаа зөрчил дутагдлыг нуудаггүй, аль болох хэвлэлийнхэнтэй хамтарч ажилладаг хэмээсэн юм.