Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс үнийн өсөлтийг тооцох магадлал болон цаг үеийн бусад асуудлын хүрээнд мэдээлэл өгөв. Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртөг /барилгын материалын үнэ/-ийн өөрчлөлтийг тооцож, магадлах ажлын явцыг албаныхан танилцууллаа.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар /16 яам, бусад 8 төсвийн ерөнхийлөн захирагч/-аас 1153 төсөл, арга хэмжээний санал хүлээн авч, улсын төсвийн бус эх үүсвэртэй болон төсөл, арга хэмжээний давхцал зэргээс шалтгаалсан 31 төсөл, арга хэмжээг хасаж, 1122 төсөл, арга хэмжээний жагсаалтыг эцэслэн баталжээ. Тус жагсаалтаа эцэслэн 851 төсөл, арга хэмжээнд магадлал хийхээс өнөөдрийн байдлаар 534 төсөл, арга хэмжээний 274.3 тэрбум төгрөгийн зөрүүг магадлалаар баталгаажуулжээ.
Үлдсэн 317 ажлаас 93 төсөл, арга хэмжээ нь баримт бичгийн иж бүрдэл дутуу, хоцорсон, 224 төсөл, арга хэмжээ мэдээлэл огт ирүүлээгүй аж.
“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ 2022 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дээрх хоцорсон болон ирүүлээгүй төсөл, арга хэмжээний баталгаажуулалт болон магадлалын үйл ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Тиймээс үлдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд болон ТЕЗ нараас гүйцэтгэлийн тоо хэмжээгээ баталгаажуулж “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т 2022 оны наймдугаар сарын 1-нээс өмнө яаралтай хүргүүлэх шаардлагатай гэнэ.