Улаанбаатарт “Ард” нэртэй анхны кинотеатрыг 1930-аад онд барьж иргэдэд үйлчилж эхэлжээ. Өдгөө буулгахаар завдаж буй барилгыг 1966 онд ашиглалтад оруулсан юм байна. Тухайн үеийн Болгар улсын Засгийн газрын тусламжаар, Болгар, ЗХУ, Монголын барилгачид барин, 1966 оны арваннэгдүгээр сард үзэгчдээ хүлээн авсан түүхтэй аж. Өөрөөр хэлбэл, Монголын анхны кинотеатр, кинотеатрын зориулалттай хоёр дахь барилга нь “Ард” гэсэн үг. Харин тус театрыг 1996 онд менежментээр хувьчилжээ. Улмаар 2008-2019 онд хувьчлалынх нь асуудлыг хянан шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан өмчлөгчтэй нь удаа дараа уулзан, хуралдсаны эцэст кинотеатрын барилга төдийгүй зүүн талд нь байсан усан оргилуур бүхий талбайг ч иргэний өмч болохыг тогтоосныг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Тус хэлтсийнхэн “Од” театр буюу “Ард” кинотеатрын газрыг хувийн өмч гэдгийг 2002 онд тогтоосон юм билээ. Тиймээс тус газар дахь барилгыг хэрхэх нь эзэмшигчийнх нь асуудал. Хотын захиргааны зүгээс оролцсон зүйл байхгүй” гэв.
Дээрх барилгыг энэ сарын 15-наас нурааж эхэлсэн бөгөөд оронд нь олон улсын жишигт нийцсэн кинотеатр, бизнесийн төв буюу “IBC tower”-ыг (International business center) барихаар төлөвлөжээ. Ийм мэдээллийг “Ард”-ын эзэмшигч Төрийн соёрхолт, гавьаят жүжигчин Д.Сосорбарам цахим хуудсандаа хуваалцсан байгаа юм. Түүнээс “Ард” кинотеатрыг нураан, өөр барилга барихаар болсон, эсэх талаар нь тодруулахад “Хувийн өмчөө хэрхэх нь миний асуудал. Ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Гэвч олон архитектор, барилгын салбарын мэргэжилтэн, иргэд “Ард”-ын барилгыг нурааж эхэлсэнд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, энэ нь Улаанбаатарын анхны барилгуудын нэг, соёл гэгээрлийн үйл ажиллагаа явуулж байсан түүхэн байгууламж гэж ярьцгааж буй. Улмаар соёлын өв ч байж болох тухай асуудал хөндсөн. Энэ талаар Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Ард” кинотеатр нь соёлын өв биш ч түүнээс дутахгүй үнэ цэнтэй барилга юм. Улаанбаатар хотын төлөвлөлтийг өнгөрсөн зуунд гарган, цөөнгүй барилга байшин барьж, ерөнхий архитектурыг нь дэглэсэн байдаг. Ялангуяа хотын төв хэсэг буюу “Ард”-аас ерөнхий боловсролын V сургууль, Соёл урлагийн их сургууль, цаашилбал хуучнаар Дөрөвдүгээр дэлгүүрээс МУБИС хүртэлх хагас тойргийг Бага тойрог хэмээн нэрлэж ирсэн. Эл тойргийн дагуу болон тойрог дотор дөрвөн давхраас өндөргүй барилга барих шийдвэр гаргаж байсан. Уг шийдвэрийг хэлбэрэлтгүй дагаж ирсэн бөгөөд Засгийн газрын ордныг 4.5 давхар буюу хагас давхраар өндөрдүүлж барин, шүүмжлэлд өртсөн явдал бий. “Ард” кинотеатр бол нийслэл хотын өнгөрсөн зууны ой санамж, дурсгал, хот төлөвлөлтийн түүх юм. Олон улсад, олон зуун хотод “Grand mark” гэсэн ойлголт байдаг. Энэ нь тухайн хот, улсын түүхэн онцгой байршил, орон зай, барилга, газар нутгийг илэрхийлдэг нэр томьёо юм. Улаанбаатарын төдийгүй манай улсын хувьд “Ард” кинотеатр бол “Grand mark” билээ. Харамсалтай нь, ийм байгууламж, орчныг улам бүр устгасаар удахгүй юу ч үгүй болох нь. Би хувьдаа “Ард”-ыг нураахыг эсэргүүцэж буй. “Ард”-ыг оролцуулбал нийслэлийн хот төлөвлөлтийн түүхт барилга, байгууламжийн бараг 60 хувь нь ийнхүү устан үгүй боллоо” гэсэн юм.
Дээрх барилгыг нураах ажлыг энэ сарын 16-нд буюу нэг хоногийн дараа зогсоосон. Энэ тухайд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Ард” кинотеатрыг буулгаж байгаа талаар шуурхай дуудлага ирсэн. Үүний дагуу шалгахад барилга, байгууламжийг буулгах буюу нураахдаа нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас (ХБХГ) зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон. ХБХГ-ын зөвшөөрлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдад үзүүлэх ёстой. Тиймээс НМХГ-аас нураах ажлыг зогсоосон. ХБХГ-аас буулгах зөвшөөрөл аваагүй тохиолдолд барилгыг анхны байдлаар нь засаж тохижуулах ёстой. Мөн барилга нураахтай холбоотой аюулгүй ажиллагааг сайтар мөрдөх учиртай” гэв.
Үүнээс гадна Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын төвд өндөр барилга бариулахгүй гэдгээ 2022 оны гуравдугаар сард нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдсэн. Ялангуяа Их, Бага тойруу, 40, 50 мянгатад зургаан давхраас өндөр барилга нэмж бариулахгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. Тодруулбал, Д.Сумъяабазар “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төсөл Улаанбаатар хотын төвийн бүсүүдэд хэрэгжүүлэхийг зорьж буй. Их, Бага тойруу, 40, 50 мянгат орчмын, хуучны 3-5 давхар барилгуудыг буулгаж, дахин барилга барих тендер зарладаг ч аж ахуйн нэгжүүд оролцохдоо тааруу. Учир нь дээрх барилгуудыг буулгаад 6-7 давхар барилга барих зураг төслийг бид шаардаж байгаа. Гэтэл компаниуд багадаа 16, цаашилбал 20-24 давхар байшин барих сонирхолтойгоос шийдэлд хүрч чаддаггүй” гэсэн юм. Хэрэв “Ард” кинотеатрыг буулгаад дээр дурдсан “IBC tower”-ыг барина гэвэл зургаагаас олон давхар болж, Улаанбаатар хотын захирагчийн баримталж буй бодлоготой харшлах нь.