Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдоржид холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр 2020 оны дөрөвдүгээр сарын 3-нд тус аймгийн Улиастай сум дахь гэртээ иргэн Р.Д, П.А, Ц.Н нартай наргиж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж маргалдан хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдсон. Б.Намхайдорж иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж архи авах гэсэн бөгөөд П.А үүнийг нь хориглоход нүүр лүү нь мөргөж, хиймэл шүдийг нь хугалсан. Энэ мэт үл ялих зүйлээс болж Ц.Н-той маргалдан, ноцолдож, унтлагын өрөөнийхөө цонхоор түлхэж амийг хохироосон гэж буруутгаж буй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ч энэ бүхнийг тогтоосон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тиймээс НПГ-аас Б.Намхайдоржид Эрүүгийн хуулийн 10.1-1 дэх хэсгийн “Хүнийг хөнөөсөн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. НПГ-аас гаргасан саналын дагуу Шүүхийн сахилгын хорооны энэ оны хоёрдугаар сарын 14-ний хурлаар Б.Намхайдоржийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.