Манай улсаас АНЭУ болон Кувейт Улсад суугаа Элчин сайдууд яамандаа Чингис хааны эш хөргийг залжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн, уг эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийн дагуу ийнхүү байршуулсан байх. Энэхүү хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллага дээдлэн залах тухай уг зарлигт тусгасан. Тэгэхээр цаашид байгууллагууд энэ мэтчилэн залах биз ээ. Бүх шатны сургалтын байгууллага гэхээр цэцэрлэгээс эхлээд ерөнхий боловсролын болон их, дээд бүх сургууль хамаарах нь тодорхой. Монголчууд учраас их хаанаа дээдэлдгээ илэрхийлж, хөргийг нь ажлын байрандаа залахын буруу, муу гэж үгүй байх л даа.
Тэгээд ч ардчилсан нийгмийн замыг сонгосон 1990 оноос хойш монголчууд их хаанаа гэдэг болсон. Талын дайчин эрсээ удирдан манлайлсаар дэлхийн талыг эзлэх шахсан хүчирхэг хаанаа улирч өнгөрсөн түүхээсээ дор бүрнээ хайсаар, ямархуу дүр төрхтэй хүн байсан талаар нь мэдээд авсан. Өдгөө Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд ажлын байрандаа залах болоод буй эш хөрөг нь Тайванийн Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байдаг, түүнийг их хааныг мэдэх хүн бүтээсэн, тийм болохоор бодит гэсэн мэдээллийг үндэслэн итгэж үнэмшин, тэр л төрх, харцаар сэтгэлдээ Чингис хаанаа буулгацгаасан. Энэ бол монголчуудын сэтгэл зүрхэнд 30 гаруй жил хадгалагдаж буй төрх, царай, харц. Тэр бүү хэл малгай нь.
Их эзэн, хүн төрөлхтний “Мянганы хүн” Чингис хаанаа зөвхөн сэтгэл зүрхэндээ тээж, дээдлээд явах нь хангалтгүй санагдав уу. Өнгөрсөн хугацаанд хааны хөргийг хаа сайгүй залцгаасан. Нэрийг нь ч бишгүй зээлдсэн. Хивснээс авхуулаад юм болгон дээр зурдаг болсон. Байгууллагууд, сургуулиуд, бизнесийнхэн ч нэрийг нь олонтоо ашигласан. Архийг хүртэл түүгээр нэрлэсэн. Бас шинээр төрсөн хүүхдүүддээ нэрийг нь хайрлах давлагаа нэг хэсэгтээ явсан гэхэд болно. Сүүлдээ “Чингис” хэмээн нэрийдсэн хуушуур зарж эхэлснээс үүдэн, энэ үзэгдэл хэрээс хэтэрлээ гэж үзэн, их эзний нэрийг хаа сайгүй ашиглаж болохгүйг хуульчилсан. Хаандаа хайртайгаа илэрхийлээд буй, эс бөгөөс нэрийг нь ашиглах гээд байгаа нь мэдэгдэхээ больсон замбараагүйдлийг ингэж хязгаарласан билээ. “Сайн эцгийн нэрийг арав худалдаж иддэг” гэсэн тийм ч таатай бус явган яриа байдагчлан их хааныхаа нэрийг хэн хүнгүй өөрт тустай зүйлд хайр, гамгүй хэрэглэж ирсэн үнэн түүх энэ. Нэг талаар таагүй ч, нөгөө бодлын хааны сүр хүч, нөмөр нөөлөгт өөрийгөө, ажил хэрэг, бизнесээ хамааруулж, хамгаалуулах гэсэн хүсэл ч гэлтэй.
Юу гэх гээд байна вэ гэхээр Чингис хааны эш хэмээн тодотгож буй хөргийг ердөө хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гарган төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд дээдлэн залахыг үүрэгдсэн нь дэндүү хожимдсон шийдвэр бус уу хэмээн бодож буйгаа хуваалцах гэсэн юм. Өөрөөр хэлбэл, зарлигт шинэ утга, агуулга байхгүй мэт. Наадмын нээлтийн ёслолыг газар дээр нь болон гэртээ зурагтаар үзсэн хүмүүс дунд гайхсан нь олон. Эш хөрөг гэж өмнө нь сонсож байгаагүй нь ямар нэгэн шинэ, өөр бүтээл юм болов уу гэж бодсон. Гэтэл өнөөх байдаг л, төдийгөөс өдий хүртэл бахдан харж, шүтлэгтэй нэг нь адис авах нь холгүй байдаг танил хөрөг.
Яагаад өдийд үүнийг Төрийн тэргүүн албан ёсоор залах тухай зарлигдав. Монголчууд даяараа мэддэг л мэдээлэл шүү дээ. Нэгэн үе бараг айл болгон гэртээ “Чингис” хивстэй байсан. Өдийд бол моодноос гарсан тул өлгөх нь ховордсон. Зөвхөн үүгээр олон нийт, ард түмэн байнга шинийг эрж хайж байдаг, өөрөөр хэлбэл, хөгжиж байдаг нь харагддаг. Гэтэл Ерөнхийлөгч өнөөдөр ард түмэндээ хандаж “Чингис хааны эш хөргийг залцгаая” гэж Төрийн наадмын индэр дээрээс хэлснээр ирээдүй өөд хүсэл тэмүүлэл нь бадарч байсан наадамчдыг нэг талаар цочоох шиг болсон. Зарлигийг “Юу вэ, хэдэн онд юу яриад байгаа юм бэ” гэж хүлээж авсан нь олон. Нэгэн хоржоонтой нөхөр “Ойлголоо. Төрийн зарим байгууллага Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөргийг хоймортоо яг л Ленин, Сүхбаатар шиг залчихсан байдаг юм билээ. Түүнээс нь ичээд, “Намайг биш, Чингис хааны зургийг өлгө өө” гэж цэвэрхэн хэлээд буй юм болов уу” хэмээж байлаа.
Дэлхийн байдал эвгүйрхсэн энэ үед, ялангуяа түүхийг гуйвуулагчид Чингис хааныг булаацалдах хандлага илрүүлэх болсон цаг дор их хаанаа “Манайх” гэж шинээр тунхаглах гэсэн санаа юм болов уу гэж бодож үзэв. Тэгсэн ч байсан, арга нь биш гэдэгтэй цаг үетэйгээ хамт явдаг, магадгүй түрүүлж сэтгэж, хөдөлдөг иргэд санал нийлэх буй за.
Наадмын нээлтийн арга хэмжээ ямар болсон талаар иргэд санаа бодол солилцох зуур хөгжим судлаач, шинжлэх ухааны доктор Л.Эрдэнэчимэг юу гэж хэлснийг хүргэе. Тэрбээр “Энэ жилийн наадмын нээлтийн арга хэмжээний агуулгад нэг удирдагчийн хөрөг залах хэсгийг багтаасан нь БНАСАУ-д Ким Ир Сенийг шүтэх мэт сэтгэгдэл төрүүлсэн. Мөн тоглолтод бөө мөргөлийн зан үйлийг харуулсан хэсэг жин дарсанд харамсаж байна, Дэлхий дахинаа техник, технологийн дөрвөн том хувьсгал ялаад буй энэ үед тэр чиглэлд монголчууд хэрхэн ахиж дэвшсэнээ үзүүлэх байсан бус уу. Ингэхэд бид ухраад байна уу, урагшлаад байна уу” гэсэн юм. Түүний дүгнэлт ихийг өгүүлэх мэт.
Төрийн тэргүүн тэр бүр зарлиг гаргаад байдаггүй. Ард түмний оюун сэтгэлгээ, хүсэл зоригийг нэгэн зүгт хандуулах шаардлагаар онц хэрэгтэй үед тодорхой зорилгын хүрээнд зарлиг гарган, дагаж мөрдөхийг үүрэгддэг гэж ойлгодог. Ерөнхийлөгч Н.Багабанди 2002 оны хоёрдугаар сарын 11-нд “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаартай зарлиг гаргасныг монголчууд ихэд хүндэтгэн хүлээж авч, орон даяар урам зоригтой хэрэгжүүлэх ажилд ханцуй шамлан орсныг санаж байна. “Үндэсний бахархал, үнэт өв баялаг болсон морин хуураа төрийн хамгаалалтад байлгаж, дээдлэн дэлгэрүүлэх олон нийтийн хүсэл эрмэлзэл, үүсгэл санаачилгыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3.3 дахь хэсэг, 12.12 дахь хэсэг болон ес дүгээр зүйлийг үндэслэн зарлиг болгох нь” гээд “Нэгдүгээрт, морин хуураа дээдлэн залж, сурч эзэмших, морин хуур судлал, урлалыг хөгжүүлэх, гадаад улсад сурталчлах хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд, айл өрх болон төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн урлагийн ажилтан, зүтгэлтэн, ивээн тэтгэгчдэд уриалсугай. Хоёрдугаарт, Монгол Улсынхаа сүр хүч, айл өрх бүрийн түвшин жаргал, хүн бүрийн цог хийморийг бэлгэдэн бадрааж жил бүрийн Цагаан сараар Төрийн их хан хуурын сүлд аялгууг эгшиглүүлэхийн хамт морин хуурын хүндэтгэлийн тоглолтыг радио, телевизээр улс орон даяар нэвтрүүлж байхаар төрийн ёслолын журамд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөхийг Засгийн газарт чиглэл болгосугай” гээд Ерөнхийлөгч Н.Баганбанди болон Ерөнхий сайд Н.Энхбаяр нар гарын үсэг зурсан байдаг.
Энэ зарлигийг хүн бүр дээдлэн хүлээж авснаар орон даяар хэрэгжүүлэхэд сэтгэл зүйн хувьд ч бэрхшээл бага байсан болов уу хэмээн санана. Учир нь манай улсын хөгжмийн мэргэжилтнүүд монгол үндэсний морин хуур хэмээх хөгжмийн зэмсгээ ердөө тун саяхан 1990-ээд оныг угтуулж сэргээн, тоглож, хэрэглэн, уран бүтээлийн эргэлтэд оруулж эхэлсэн билээ. Ийнхүү хөдөлж эхлэхэд олон нийтийн сонирхол, хүсэл, хөдөлгөөн чухал байсан тул Ерөнхийлөгч мэргэжилтнүүдээ сонссоноор ийнхүү зарлиг гаргасан нь үр дүнгээ өгсөн юм. Ганцхан жишээ хэлэхэд, түрүүчийн нийгмийн үед Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангийг сонгох хүүхэд олдохгүй, хүчээр оруулдаг байсан бол сүүлийн арав гаруй жилийн тухайд одоогийн Консерваторын хамгийн эрэлттэй анги нь энэ болсон. Морин хуур аль, аль түвшинд хүчээ авснаар гарамгай хуурчид тодорч, хөгжмийн зохиолчдын гараас шинэ, шинэ бүтээлүүд төрсөн. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр гэхэд морин хуурт зориулсан таван концерт туурвисан. Их урлагийн өлгий орнуудын нэг Австрид 2015 онд болсон Олон улсын ардын язгуур урлагийн наадам, уралдааны түрүү, гран при шагналыг морин хуурч Д.Шинэцог-Гени, төгөлдөр хуурч Д.Баярцэцэг нар хүртэж байлаа. Монгол Улсын Морин хуурын чуулгын хөгжлийн нөлөөгөөр морин хуурч А.Бат-Эрдэнэ Япон улсад Морин хуурын дэлхийн холбоо байгуулан, олон орны хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй морин хуурын “Асар” чуулгыг байгуулж, жил бүрийн тавдугаар сард олон орноос хөгжимчид Японд цуглан хотуудаар нь аялан тоглодог уламжлалтай болсон. Морин хуурын дэлхийн холбооны санаачилгаар манай улсад Морин хуурын олон улсын наадам зохион байгуулдаг болсон бөгөөд нэг удаагийнхад нь лав Япон улсаас 400 жуулчин уг наадмыг зорин ирж байсан түүхтэй. Өдгөө Европ, Америкт морин хуур дэлгэрсээр буй. Утга учир, зорилго тодорхой сайн үйлс дэлгэрэх гэж энэ буй за. Морин хуурыг дээдлэн дэлгэрүүлэх асуудал нь тухайн үед шинэлэг байв. Тийм болохоор ард түмэн соргогоор хүлээж авсан тул айлууд гэртээ морин хуур залдаг болсон болов уу. Тоглодоггүй юм гэхэд, өлгөж дээдэлдэг болсон нь соёл, өв, уламжлалдаа хүндэтгэлтэй хандах сэтгэлийнх нь илрэл билээ.
Эш хөргийн тухайд дахин сөхөхөд, нэгэн цагт багагүй хугацаанд хэрэглэж байсан Чингисийн хөрөг бүхий хивсээ айлууд дахин ханандаа хадах болов уу даа. Чингис хаан эдүгээ монголчуудын хананд бус, сэтгэлд бат бөх байр суурь хэдийн эзэлсэн мэт. Яг л морин хууртай адил. Тийм атал өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адилаар өдийд ийм утга, агуулга бүхий зарлиг гаргах нь цаг үеэс, ард түмний сэтгэлгээнээс хоцорсон шийдвэр мэт.