Амралт, зугаалга үргэлжилж, иргэд гол, ус бараадаж очоод осолдох явдал гарсаар байна. Энэ сарын 18-ны 15.30 цагийн үед 15 настай хүү Туул голд живж нас баржээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг, “Мишээл экспо” худалдааны төвийн урд Туул голд живсэн аж. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид гурван метрийн гүн усанд дөрвөн ч удаа шумбасны эцэст хүүгийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн Баруун тэрмийн тавилан гэдэг газар энэ сарын 10-ны 16.00 цагийн үед Сэлэнгэ мөрнөөр адуугаа гаталгаж байгаад морьтойгоо осолдсон иргэн Д-гийн цогцсыг тус аймаг дахь Онцгой байдлын газрын аврагчид эрэн хайсаар байна. Уржигдар л гэхэд осолдсон газраас голын урсгал дагуу 30 км зайд завиар хайсны зэрэгцээ, усны гүнд 10 удаа шумбасан ч олоогүй гэнэ. Зарим нутагт орсон борооны улмаас гол, мөрний усны түвшин олон жилийн дундажаас нэмэгдэн үерлэсэн тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг онцгой байдлын байгууллагаас санууллаа.