Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор МИАТ компани ХБНГУ-ын Франкфурт хот руу долоо хоногт таван удаа нислэг үйлдэж байгаа билээ. Уг нислэгээр зорчигчдын ачаа тээшийг буулгах хугацаа удаашрах, зарим тохиолдолд хулгайд алдагдах зэрэг асуудал үүсэх болжээ. Түүнчлэн ачаа тээш саатсанаас зарим зорчигч дараагийн нислэгээс хоцрох явдал ч гарч буй гэнэ. Үүнтэй холбоотойгоор МИАТ-ээс өчигдөр “Франкфурт хотын “Фрапорт” олон улсын нисэх буудал нь “Ковид-19”-ийн хязгаарлалтын дэглэм цуцлагдсаны дараа бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, ажиллах хүч дутагдалтай байгаа. Энэ нь МИАТ компанийн нислэгт нөлөөлж, цагийн хоцрогдол ихээр гарах болсон. Агаарын хөлөг тус нисэх буудалд газардсанаас хойш хоёр цаг гаруйн дараа зорчигчийн тээшийг буулгах зэрэг хүндрэл гарч байна” хэмээн мэдэгдээд, зорчигчдоос уучлал хүсжээ. Түүнчлэн уг асуудал нь “Фрапорт”-ын хүний нөөцийн хомсдолоос үүдэлтэй учир цаашид ч үргэлжлэх магадлалтайг анхаарууллаа. Тус нисэх буудал нь цар тахлын улмаас 4000 ажилтнаа чөлөөлсөн аж. Харин зорчигчдын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор 1000 ажилтан шинээр авчээ. Хэдий тийм боловч үйл ажиллагаа нь хэвийн түвшинд хүрээгүй бөгөөд дээр дурдсан асуудал, доголдол нь цаашид 2-3 сар үргэлжлэх төлөвтэйг мэдэгдсэн гэнэ. Иймд Франкфуртээр дамжин нисэх, ХБНГУ-ыг зорих иргэд дээрх эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр цагаа төлөвлөхийг зөвлөлөө.