Энэ оны эхний хагас жилд буюу 1-6 дугаар сард манай улсад гадаадын 73 672 жуулчин иржээ. Уг үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4 дахин нэмэгдсэн дүн аж. Тоон үзүүлэлт ийнхүү өссөн мэт харагдаж буй ч цар тахлын өмнөх үеийн түвшиндээ хүрээгүй. Дэлхий дахинд “Ковид-19” дэгдэхээс өмнө буюу 2019 онд 577 300 жуулчин манай улсад ирж байв. Энэ нь манайд жилд хамгийн олон жуулчин аялсан тохиолдол байсан юм. Харин цар тахлын улмаас үүний дараагийн хоёр жилд нь жуулчдын хөдөлгөөн эрс хумигдаж, тус салбарын үйл ажиллагаа зогссон гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, 2020 онд манай улсад ирсэн жуулчны тоо 58 859-д хүрч, өмнөх жилийнхээсээ бараг 10 дахин буурсан. Монголд аялсан жуулчны тоо 2021 онд дахин цөөрч, 33 100 болжээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар ялимгүй нэмэгдэв. Эл хугацаанд манай улсад ирсэн нийт жуулчны 50 орчим хувийг ОХУ-ын иргэд эзэллээ. Тус улсаас 36 709 иргэн аялал жуулчлалын зорилгоор манайд ирсэн аж. Мөн БНСУ, Казахстаны жуулчин цөөнгүй ирсэн байна. Харин оны эхний хагас жилд манай улсын 143 400 иргэн гадаадад аялжээ. Уг үзүүлэлт нь 2021 оны мөн үеийнхээс 2.6 дахин нэмэгдсэн дүн гэнэ.
Ташрамд дурдахад, Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг гадаадын 2500 жуулчин үзэж сонирхсон бөгөөд манай улсад 24 сая ам.долларын орлого оруулсан гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.
Бэлтгэсэн М.Оч