Сүүлийн үед Буйр нуур орчимд аялж, амрагчид хясаа чанаж идэх нь олширчээ. Илтэс заламгайтны ангийн төлөөлөгч, 10-30 см урт, 200-1000 гр жинтэй эл бодгалиуд Буйр нуурт элбэг таардаг гэнэ. Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг таван цагт цэвэршүүлдэг. Тиймээс Буйр нуураас хясаа түүж, чанаж идэж байгаа хүмүүс үүнийг анхаарахыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулав. Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны улаан номонд орсон юм байна.
Шохойлог бодисоос тогтсон хатуу хавтас нь нуур, голын ёроолын элсэнд шигдэн амьдрахад зохицсон. Хавтасны завсраар цухуйх булчинлаг хөлөөрөө алгуурхан хөдөлж шилждэг. Хясаа тайван үедээ хавтсаа нээж, биеэ хамгаалахдаа хавтсыг хаах булчингууд идэвхитэй ажиллаж хаадаг аж.
Мөн Монгол танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг. Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг. Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг байна. Эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог.
Авгалдайн шатандаа загасны заламгайд празитлан өсөж, бие гүйцээд нуур, голын хүчилтөрөгчөөр баялаг ёроолын хэсэгт маш олон жил амьдардаг гэсэн мэдээ баримт бий. Өсөлт удаантай. Нуураас агнаж буй загасны тороор шүүгдэн хорогдохоос гадна усны бохирдол, хатаж ширгэх зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр тоо толгой нь ховордож байгаа тул бид хайрлан хамгаалах ёстой юм.