Баянхонгорын Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй орчмын газрыг тохижуулж, иргэд амарч, зугаалах орчин бүрдүүлсэн талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээлэв. Цагаан агуй нь хүн үүслийн ул мөрийг хадгалсан газар гэдгээрээ онцлогтой бөгөөд Баянхонгор аймгийн аялал жуулчлалын онцлох бүтээгдэхүүн, түүх, соёлын хосгүй дурсгал. Тиймээс уг газрыг аялал жуулчлалын эргэлтэд оруулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Шинэ санаа” компанийнхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр тохижилтын ажлыг гүйцэтгэсэн байна. Цагаан агуй нь 38 метр урт үргэлжилсэн, нэгээс нөгөө рүү дамжсан гурван тасалгаатай бөгөөд одоогоос 750 000 жилийн өмнө хүн амьдарч байсныг гэрчлэх ул мөрүүдийг агуулсан гэдгээрээ онцлогтой. Уг агуйг 1987 онд Монгол, Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийнхэн анх илрүүлэн, малтлагын ажлыг гүйцэтгэжээ. Үүний дараа буюу 1995-2000 онд Монгол, Орос, Америкийн хамтарсан археологийн экспедиц малтлага, судалгаа хийсэн байна. Эдгээр судалгааны үр дүнд тулгуурлан монгол нутагт хэдий үеэс хүн амьдарч эхэлснийг тогтоожээ.
Бэлтгэсэн М.Оч