Манай улсын хүн амын хүнсний хоногийн хэрэглээний 63 орчим хувийг үр тариа буюу түүгээр хийсэн гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлдэг. Тэгвэл Үндэсний их баяр наадмын өдрүүдээр буюу энэ сарын 11-16-нд нийслэлийн дийлэнх худалдааны төв, дэлгүүрт талх болон гурилан бүтээгдэхүүний нийлүүлэлт тасарч, эрэлт үүссэн. Ямар учраас дээрх бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлт тасалдсан талаар хүнсний томоохон хоёр үйлдвэрээс тодруулахад “Талх чихэр” компанийн маркетингийн албанаас “Баяр наадмын үеэр зарим ажилчин амарсан. Мөн талх хийдэг урсгал шугамдаа засвар, үйлчилгээ хийсэн. Тиймээс нийлүүлэлт зохих хэмжээгээр багассан гэж ойлгож болно” гэв. Харин “Өгөөж чихэр боов” компанийнхан “Энэ сарын 11, 12-нд үйлдвэрийн ажилчид амарсан. Бусад өдрүүдэд хэвийн ажиллан, бүтээгдэхүүнээ түгээсэн” гэсэн юм. “Талх чихэр” компани нийслэлд нийлүүлж буй талхны 80 хувийг үйлдвэрлэдэг бол “Өгөөж чихэр боов” нь нарийн боовны 70 хувийг нийлүүлдэг юм байна.