“Түмэн амгалант асар” ХХК-иас Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд, “Эрдэнэ зуу” хийдийн урд талд “Торгоны замын нууц” аялал жуулчлал, амралтын зориулалттай цогцолбор байгуулан, ашиглалтад оруулжээ. Дотоод, гадаадын жуулчид, аялагчдад тав тухтай үйлчилгээг боломжийн үнээр хүргэх зорилготой уг цогцолбор нь төв барилга болон цэвэр, бохир усны хоолойд холбогдсон 40, мөн нэмэлт 20 гэрээс бүрддэг аж. Төв байгууламжийн барилгын загвар нь аялагчдын анхаарлыг нэлээд татаж буй тул энэ талаар тус компанийн захирал С.Ундармаагаас тодрууллаа. Тэрбээр “Монголчууд 1236 онд Өгөдэй хааны зарлигаар түмэн амгалант асар барьж байгуулсан, өмнө нь таван тансаг ундаа бүхий “Мөнгөн мод” байсан, уг байгууламжийг 5000, 10 000-тын мөнгөн дэвсгэртэд дүрсэлсэн байдаг тухай өнөөгийн бид мэддэг. Нэг хэсэг гадаад ертөнцөд монголчууд “Торгоны зам”-д төдийлөн оролцоотой байгаагүй гэсэн мэдээлэл тарж байлаа. Түүнийг сөрж гэх үү, “Бид тэрхүү түүхэн замд чухал нөлөө, оролцоотой байсан, хаан нь ийм ордонд заларч, уг замыг хянаж, хамгаалсныхаа төлөө татвар авдаг байсан” гэх зэргээр олон эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн, энэ тухай хүмүүст таниулан мэдүүлэх зорилгоор төв байгууламжаа тухайн ордны загвараар бариулах захиалгыг архитекторт өгч хийлгэсэн юм” гэлээ.
Хархорин сумын Засаг дарга Г.Одгэрэл “Манай сум сайхан цогцолбортой болсон. Аялагч, амрагчид нэлээд ирэх шинжтэй. Яваандаа энэ цогцолборыг түшиглэж сумынхаа цэцэрлэгт хүрээлэнг байгуулбал ямар вэ гэсэн санааг бид хэлэлцэж байна” хэмээсэн юм.