Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын "Өндөр-Эрэг" гэх газар, Орхон голд долоодугаар сарын 10-д загасчилж байсан иргэн усанд осолдсон байж болзошгүй тухай мэдээллийг энэ сарын 12-д ОБГ-т ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 07.17-ны өдрийн 06:00 цагаас тус сумын харьяат иргэн Л /69 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Цагаан-Эрэг багийн “Өндөр-Эрэг” гэдэг газраас Хилийн ангийн “Тавтын застав”, “Орхон гол”, “Сэлэнгэ мөрөн”, ”12 салаа”, “Мөндөлтэй хөшөө”, “19-ийн салаа” гэдэг газар хүртэл 2 удаа нийт 24 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Энэ үеэр 07.16-ны өдрийн 22:16 цагт Хилийн ангиас “Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт районы “Наушка” өртөө орчмын “Сэлэнгэ” мөрний уснаас 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон тухай мэдээллийг Оросын Холбооны Улсын Хиагтын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн газраас өгсөн” тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, Хилийн ангийн хамтарсан ажлын хэсэг 07.17-ны өдөр ар гэрийнхэнд нь уг цогцос (гэрэл зургаар)-ыг таниулаад тухайн иргэний цогцос мөн болох нь тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг 20:00 цагт зогсоожээ.