Эх орондоо тангараг өргөж, хугацаат цэргийн алба хаахаар ирсэн залуус цаг бусаар нас барсан явдал гарсаар. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэрэг тангаргийн баярынхаа дараа ходоод нь задарч нас барсан дуулиан дарагдаагүй байхад Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан Дундговь аймгийн харьяат цэрэг учир битүүлгээр нас барлаа. Талийгаач цэргийн ар гэрийнхэн гомдолтой байгаа бөгөөд хэргийн газрын үзлэгээр амиа алдсан газрынх нь ойролцоогоос хутга олдсон тул гаднын нөлөөтэй байж болзошгүй гэж хардаж буй юм билээ.
Цагдаагийн байгууллагаас өгсөн албан ёсны мэдээлэлд “Энэ сарын 13-ны 09.10 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт барьж буй барилгын хашаанд хүн нас барсан байна гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Үүний дагуу тус аймаг дахь Цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг хийхэд 19 настай, эрэгтэй Н нь амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон. Амь хохирогч Н нь Өмнөговь аймагт байрлах зэвсэгт хүчний ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн барьж буй барилгын 15 давхраас унасан байж болзошгүй байгаа. Эл хэрэгт холбогдуулан зэвсэгт хүчний ангийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгаж байна” хэмээсэн.
Орон нутгийн болон зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээллээр байлдагч Н өмнө нь тус аймагт хармаг тариалдаг “Галтууд” компанийн тариалангийн талбайд ажиллаж байсан нэгэн бөгөөд хэрэг гарахын өмнөхөн тус компанийн удирдлагаас гуйж байгаад ангидаа очилгүй үлдсэн гэх. Улмаар Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатын эзэмшлийн, удахгүй ашиглалтад орох гэж буй 15 давхар хоёр барилгын нэгнээс унаж нас барсан. Шөнө тус барилгын хашаа руу орж байгаа бичлэгийг нь эд мөрийн баримтаар хураасан байна лээ. Хутга олдсон нь үнэн. Түүгээр амиа егүүтгэхийг оролдсон байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа юм. Тиймээс ч Дундговиос найз охиныг нь дуудан тайлбар мэдүүлэг авсан байна” гэлээ.
Баяр наадмын өдрүүдээр цэргийн анги, байгууллага харуул хамгаалалттаа чангатгаж, хугацаат цэргийн алба хаагчдыг төдийлөн гадуур гаргадаггүй. Харин Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Штабын дарга, дэд хурандаа З.Баяраа эрх мэдлээ хэтрүүлж, хугацаат цэргийн алба хаагчид гадуур гарах боломж олгосноор ийм харамсалтай явдал болжээ гэхэд хилсдэхгүй. Дэд хурандаа З.Баяраагийн хувьд албан тушаалдаа хариуцлагагүй хандсанаас болж чөлөөлөгдөж байсан нэгэн. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2018 оны II ээлжийн цэрэг татлагаар Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ирж алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч Б.А 2019 оны нэгдүгээр сарын 22-нд амиа алдсан. Үүнтэй холбоотойгоор 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр, захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавиагүй, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Гэвч удалгүй Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангид шилжин томилогдсон аж.
Энэ харамсалтай явдлын талаар зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал “надад мэдэгдээгүй, зөвшөөрөлгүйгээр хувийн аж ахуйн нэгжид цэргийн алба хаагчийн ажиллуулсан байна” хэмээн www.zarig.mn сайтын сурвалжлагчид ярилцлага өгсөн. Долдугаар сарын 4-нд хугацаат цэргийн 10-аад алба хаагчийг “Галтууд” компанийн хармагийн талбайд ажиллуулах зөвшөөрөл олгосныг ангийн захирагч битгий хэл, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалынхан ч мэдсэн байх ёстой. Цэргийн олон алба хаагчийг ангиас гадуур ажиллуулахын тулд ангийн захирагч төдийгүй, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалаасаа зөвшөөрөл авдаг учиртай. Үүнээс үзэхэд, Батлан хамгаалахын сайд, Ерөнхийлөгчийнхөө баталсан Цэргийн цол олгох журмын 7.1.2 дахь заалтыг зөрчин хошууч генерал цол алгасан дэслэгч генерал болсон Г.Сайханбаярын ангийн анд, зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал уснаас хуурай гарах гэж дээрх сайтын сурвалжлагчид худал мэдээлэл өгсөн ч байж болзошгүй. Өмнөговь аймгийн Цэргийн штабын даргаар ажиллаж байсан, генерал цол хүртээхийн тулд Ж.Амаржаргалыг дээрх ангийн захирагч болгосон, ЗХЖШ-т генерал цолтой хүн ажилладаг албан тушаалд очихоор яригдаж буйг ч орон нутгийнхан нь хэлж буй юм. Түүгээр ч зогсохгүй зэвсэгт хүчний 167 дугаар ангид захирагчийнх нь эхнэр нягтлан бодогчоор олон жил ажиллаж буй нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүйг ч орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.