Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д 20 дахь удаагаа зохион байгуулсан “Playtime-2022” олон улсын хөгжмийн наадмын үеэр мансууруулах бодис хэрэглэсэн, борлуулсан залуусыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан илрүүлэн саатуулж, шалгаж байна. Энэ сарын 7-10-нд болсон уг наадамд оролцсон 30 иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, эсэхийг тодруулахаар дээрх газрын ажилтнууд биологийн дээж авсан гэнэ.
Шалгалтын дүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гурав, хэрэглэж мансуурсан таван хүний үйлдлийг илрүүлсэн байна. Тэдний дунд “Vanquish” хамтлагийн реппер Пангаас хэмээх Б.Баяраа, “Артист 168” гэдэг уран бүтээлийн нэртэй Х.Тэнгис, дижей OJ буюу О.Ганболд нар мансууруулах бодис хэрэглэснийг шээснийх нь шинжилгээгээр баталсан аж. Тэднийг үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд мансууруулах бодисынх нь эх сурвалжийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
“Playtime” олон улсын хөгжмийн наадмын үеэр жил бүр шахам мансууруулах бодистой холбоотой хэрэг гарч, олон залуу хууль сахиулах байгууллагынханд шалгуулдаг билээ. Гэвч залуучууд өмнөх жилүүдийнхээс сургамж авалгүй мансууруулах бодис хэрэглэсээр байгаа нь харамсалтай. Түүгээр ч зогсохгүй, өмнө нь мансууруулах бодистой холбоотой хэрэгт нэг бус удаа холбогдож, хамгийн сүүлд 11 жил хорих ял шийтгүүлээд төрийн уучлал, өршөөлд хамрагдан 4-5 жилийн өмнө суллагдсан дижей OJ буюу О.Ганболд дахиад саатуулагдсан нь хар тамхинд нэгэнт донтсон хүн гарч чаддаггүйг илэрхийлж байна.
Мөн энэ үеэр нэгэн дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж байсан оргодлыг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.