“Наадам сайхан боллоо”, “Хойтон жилийн наадам хол байна даа хол байна” хэмээн Тулгар төр Хүннү гүрний 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн талаар хүмүүс ам дамжуулан ярьж, сэтгэгдэл өндөр байна. Үндэсний баяр наадмаа хоёр удаа цахимаар тэмдэглэсэн монголчууд энэ жил ийнхүү дэнж хотойтол наадан, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбайд очин, шинэ дээл, хувцсаар өнгө алаглуулан гоёж, төрийн их баяр наадмаа сэтгэл хангалуун ёслон өнгөрүүллээ. Энэ жилийн наадмын нэг онцлог нь Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн, шинэ дүрэм мөрдсөн явдал. Эл хуульд Буриад, Халимаг, Тува, Өвөрмонгол зэрэг Монгол туургатны бөхчүүдийг албан ёсоор урин оролцуулахаар тусгасан юм.
Төрийн есөн хөлт цагаан сүлдийг цэнгүүлэн, Төв цэнгэлдэх хүрээлэнд залах, Төрийн дууллаа эгшиглүүлэхэд хуран цуглагсад босон хурайлж, Төрийн дууллаа дуулж наадмаа эхлүүлдэг бичигдээгүй ёсыг энэ жил ч дагацгаав. Үндэсний их баяр наадмыг нээн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Үндэсний их баяр наадам бол Монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим төдийгүй хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ. Ирж буй шинэ зуунд монголчууд бид ололт амжилтаа бататгаж, ардчилсан төр улсаа улам бэхжүүлж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа ханган, хөгжил дэвшлээрээ хүн төрөлхтөнд үнэлэгдсэн хүчирхэг Монгол Улс болохын төлөө ард нийтээрээ хамтран зүтгэцгээе” хэмээв.
Наадмын энэ жилийн нээлтийн тоглолтыг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулсан. Уг тогтолтыг “Би хэн бэ?” гэсэн асуулт бүхий зохиомжоор эхлүүлж, “Би бол Монгол хүн, бид нэгэн гэр бүл, мөнх тэнгэрийн дор орших түүхэн, гайхамшигт үндэстэн” гэдэг агуулгыг илэрхийлэхийг зорьсноо тэрбээр дурдсан. Эзэн Чингис хааны байгуулж, 150 орчим жил үргэлжилсэн Зүүн өмнөд Азиас, Зүүн Европ хүртэлх их гүрэнд 18 настай охин наран мандахаас шингэх зүгийг барин, алт, эрдэнэс үүрээд явахад ямар ч аюул осолгүйгээр зорьсон газартаа хүрдэг байсан буюу олон улсад Pax Mongolica хэмээгддэг энх тайван, хууль ёст, амар амгалан улс орныг дурсан харуулахыг хичээсэн юм байна. Ингэхдээ эрдэмтдийн саналыг сонсож, зөвшилцөн, тоглолтоо дэглэжээ. Түүнчлэн Хубилай хааны үеийн ордны их найрал хөгжмийг дуурсган, Алтайн магтаал талбихын зэрэгцээ, хүрээ цам харайн, бөөгийн хэнгэрэг дэлдэн, уртын болон ардын дуу дуулж, сонгодог урлаг, цирк үзүүлж, орчин үеийн хөгжмийн бүтээлүүдээс ч сонордуулсан нь манай улсад урлагийн олон чиглэл хөгжсөн, уламжлал шинэчлэлийг хослуулж төдийгөөс өдий хүртэл ард олноо баясгасан соёлын үнэт өвтэй гэдгийг илэрхийлж, бахдал төрүүлсэн юм. Нээлтийн үйл ажиллагаа нэг цаг гаруй үргэлжилсэн бөгөөд эл тоглолтод сэтгэл дундуур хүмүүс ч цөөнгүй байлаа. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн, их сургуулийн багш Б.Цолмон “Жил бүр олон хүүхэд, залуус цуглуулан баг, өмсгөл өмсүүлж гимнастик хийлгэхээ болих хэрэгтэй. Сурагчийн дүрэмт хувцастай хүүхэд алхуулж, ажлын хувцастай залуусаар ажил хийлгэж буй зохиомж нь социализмын үеийг санагдуулсан хэвээр. Мөн тайзан дээр ихэр хүүхдүүд гарган ирж, ихрүүдийн тухай шүлэг уншуулсан нь илүүц, төрийн наадамтай утга авцалдаагүй үйлдэл юм. Цаашид баяр наадмын нээлт, хаалтыг технологийн дэвшилтэй уялдуулан, орой үдшийн цагаар өнгө гэрлээр чимж, илүү сонирхолтой хийвэл зохино. Энэ жилийнх шиг дэглэлт улиг болсон” гэсэн юм. Үүнээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа Чингис хааны эш хөргийг байрлуулж, цаашид айл өрх, албан байгууллагууд их эзнийхээ зургийг хоймортоо залах зарлиг гаргаснаа Ерөнхийлөгч сонордуулсныг онцлууштай.
Төв цэнгэлдэх хүрээлэн 12 000 орчим суудалтай, энэ нь наадам үзэх сонирхолтой хүмүүсийн цөөн хэсэгт л хүрэлцдэг. Тиймээс цэнгэлдэхийн гадна талд бид наадсаар ирсэн. Энэ жил ч мөн гадна талд нь хүн олон, үзвэр, үйлчилгээ ч их байлаа. Гэхдээ зохион байгуулалт сайтай, цэвэр, цэмцгэр орчин бүрдүүлснийг онцлох нь зүйтэй. Мөн наадмын хуушуурын эрэлт их, үнэ нь өндөр, зарим хүн хуушуур авах гэж хоёр цаг орчим дугаарласан. Цаашид наадам тэмдэглэх томоохон байгууламж барьж, түүнийг дэргэдээс нь үзэхээр ирсэн жуулчдад орчуулгын төхөөрөмж өгч, англи хэлээр зарим үйл явдлыг орчуулж өгөх хэрэгтэй болов уу. Нэмж хэлэхэд, наадмын хаалтын үйл ажиллагаанд онцлог зүйл байсангүй. Өмнөх жилүүдэд ихэвчлэн Халуун элгэн нутаг дууг дуучид эхлүүлж, нийтээрээ түрэн дуулдаг байсан бол энэ удаа түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн хамтаар “Би Монгол эр хүн” дууг дуулцгаан, эзэнт гүрний үеийн зарим тамганы дүрсийг гэрлээр сийлэн үзүүлж, есөн хөлт цагаан тугийг Төрийн ордон руу буцаан залснаар наадмын албан ёсны үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААН ТОЙРСОН МАРГААН НАМЖИВ
Энэ жилийн наадамд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдууллаа. Ингэхдээ хүний гараар биш технологийн дэвшил ашиглан лазераар хэмжив. Тогтоосон хэмжээнээс давсан өндөр сэрвээтэй морьдыг бүртгэлээс хасаж, эрлийз ангиллын уралдаанд оролцуулах шийдвэр гаргаж байсан юм. Улсын наадамд уралдахаар бүртгүүлсэн морьдын нас бүрээс 100-200 хүлэг хасагдсан. Гэхдээ хүний гараар биш, техникийн дэвшил ашиглан хэмжсэн учраас уяачид ноцтой маргаан дэгдээсэнгүй. Үндсэндээ эрлийз морь мордууллаа, монгол морийг хаслаа гэх хэрүүл намжсан гэхэд болно. Үндэсний их баяр наадамд айрагдсан морьдын галбир хийц эрлийз талдаа байсныг нуух хэрэггүй. Ерөнхийдөө улсын наадмыг бага зэргийн “цустай” морьд өнгөллөө гэхэд болно. Морь будилсангүй, хүүхэд эндсэнгүй сайхан уралдаан болж өнгөрсөн. Ингээд улсын наадамд түрүүлж айрагдсан зургаан насны морьдын цувааг хуваалцъя.
Азарга
1. Төв аймгийн Баян сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Б.Нямжавын хээр
2. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Х.Аминхишигийн хүрэн
3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайханы зээрд
4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Т.Ууганбаярын хүрэн
5. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Батболдын халтар
Их нас
1. Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, С.Энхтөрийн “дүүгүүр” хээр
2. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Чинзоригийн халтар
3. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол улсын тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан
4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Ц.Эрдэнэбаярын бор халзан
5. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн халиун
Соёолон
1. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Энхбаярын халтар
2. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Отгонсэлэнгийн саарал
3. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн алдарт уяач Н.Нацагдоржийн хээр халзан
4. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат, З.Жавхлангийн хүрэн
5. Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хул халзан
Хязаалан
1. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Д.Одхүүгийн зээрд
2. Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Л.Пүрэвдоржийн хээр
3. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Х.Гарьдмагнайгийн хээр
4. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Т.Гантөмөрийн зээрд
5. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, П.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр
Шүдлэн
1. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, П.Батсайханы тогоруу зээрд
2. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат, Д.Батбаярын хул
3. Төв аймгийн Зуунмод сумын харьяат, С.Батдоржийн халтар
4. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач С.Галтын хонгор халзан
5. Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Б.Баярдоржийн хээр
Даага
1. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, Б.Болдбаатарын хээр
2. Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Ж.Энхжаргалын хүрэн
3. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Тайга Алтай” ХХК-ийн захирал П.Баярбатын халтар
4. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, сумын алдарт уяач П.Даваанямын хээр халзан
5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Ц.Эрдэнэбаярын хүрэн
ОЛНЫГ ОГШООЖ УЛСЫН МЭРГЭН, ДАЯН ЦОЛТОН ТӨРЛӨӨ
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам урианхай, буриад сурын харваагаар эхэлсэн. Урианхай сур харваанд 330 гаруй харваач өрсөлдсөнөөс Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг 24 оноогоор улсын мэргэн цолын болзол хангасан юм. Буриад сурын харваанд 120 гаруй харваач оролцсоноос эрэгтэйчүүдээс Дорнод аймгийн Матад сумын уугуул З.Ариунбат 59 онож, хошой мэргэн болов. Эмэгтэйчүүдээс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, “Цахиур” баг, “Горгаз” ХХК-ийн харваач З.Пэрэнлэймаа 55 онож, түрүү харваачаар анх удаа тодорлоо.
Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ жилээс үндэсний сур харваанд IV, V байрт шалгарсан харваачдад “улсын онч”, “улсын тод харваач” цол олгохоор баталсан, мөн харваачдад босго оноо тогтоож, улсын аварга болон томоохон тэмцээнд түрүүлсэн, чансаа өндөртэй харваачийг наадмын үндэсний сур харваанд оролцуулснаараа онцлог байлаа. Энэ удаа 540 (эрэгтэй 360, эмэгтэй 180) шилдэг харваач сурын алтан шар зурхайд цэц сорьсон юм. Тэдний дунд дархан мэргэн дөрөв, даяар дуурсах мэргэн хоёр, даян мэргэн цолтон долоо байлаа. Хамгийн өндөр настай ахмад харваач нь Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Монгол Улсын дархан мэргэн Дашнямын Бор-Охин гуай байв. Тэрбээр 84 насны босгоор алхахдаа амьдралынхаа 50 гаруй жилийг сурын спортод зориулж, үр хүүхдүүдээ ч нум, сумтай нөхөрлүүлжээ. Эрэгтэйчүүдийн харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын ерөнхий газрын “Эрч” клубийн харваач Т.Очироо 39 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн юм. Тэрбээр өмнө нь 2015 онд Монгол Улсын гарамгай харваач цолын болзол хангасан бол 2018 оны наадмаар урианхай сурын харваанд түрүүлж байв. Улсын даян цолтой мэргэчүүдээс энэ удаа Д.Дэмбэрэлсайхан удаалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны харваач, аймгийн мэргэн Б.Энхтүвшин III байрт шалгарч, улсын гоц харваач боллоо. Улсын онч, тод харваач цолын төлөө оноо тэнцсэн харваачид товх харвасан. Товх харваанд ганц сумаар ялагчийг тодруулдаг тул үзэгчдийн сэтгэл догдолдог торгон мөч байдаг. Эрэгтэйчүүдээс IV байрын төлөө Монгол Улсын дархан мэргэн Ш.Даваахүү, улсын даян мэргэн Ц.Баасанхүү, улсын гоц харваач Н.Алтансүх, аймгийн мэргэн Н.Алтантулга, Ж.Оюунгэрэл, Б.Отгонхүү, Л.Энхмөнх нар цэц сорьсон. Тэднээс Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Н.Алтантулга, ах Н.Алтансүхтэйгээ зэрэгцэж зогсоод төрийн наадамд товх харвасан нь наадамчин олны анхаарлыг ихэд татсан юм. Энэ удаа 78 метрээс Н.Алтантулга харваж, хасааг оносноор улсын онч харваач цолын болзол хангав. Тэгвэл V байрын төлөө Л.Энхмөнх, Ж.Оюунгэрэл нар мөн л тунаж, 79 метрээс товхолсон. Сурын талбайд Ж.Оюунгэрэл улсын тод харваач цол хүртэж, Дорнод аймгийн Баян-Уул сумынхнаа баясгав. Түүний ээж Монгол Улсын мэргэн, буриад сурын дархан мэргэн Д.Цэцэг. Хүүгээ товх харвахыг хараад догдолж суусан тэрбээр энэ спортод хөл тавьсан олон харваачид мэддэг, чаддаг зүйлээсээ харамгүй зааж зөвлөн, үнэтэй сургаалаа хайрлаж яваа ахмад харваач. Эмэгтэйчүүдээс 40 сумаас 38 онож тэргүүлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, нийслэлийн 52 дугаар сургуулийн физикийн багш, “Их Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбооны “Их өв” клубийн харваач Б.Пунсалдулам Монгол Улсын даян мэргэн цол хүртэв. Тэрбээр 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын мэргэн цолын болзол хангаж, 2020 онд буриад сурын харваанд 64 сумаас 59 онон тэргүүлсэн юм. Түүний ард нэг сум дутаж, шил дарсан Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, Хилийн цэргийн 0168 дугаар анги, “Цэц манлай” багийн харваач Ц.Түвшинбат 37 сум оносноор улсын гарамгай харваач цол хүртлээ. Улсын цолд ойрхон харваачдын тааварт жил бүр бичигддэг тэрбээр энэ удаа ч бас багшийнхаа итгэл найдварыг алдсангүй. Түүний энэ жил цэц сорьсон харваа хойтон жилийн наадамд улсын мэргэн цол хүртэх амжилтын эхлэл нь ч байж мэдэх. Түүнд үндэсний сур харвааны эрдмээс харамгүй заасан багш нь Гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун. Шавиа цол хүртэхийг огшиж харах багшид нь хамгийн сайхан агшин байв. Орхон аймгийн уугуул, “Хангарьд” спорт клубийн харваач М.Мөнх-Амгалан (37 онож) III байр эзэлж улсын гоц, Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Есүнхэй мэргэн” клубийн харваач Б.Сүрэнжаргал (36 онож) улсын онч, Дорнод аймгийн Булган сумын уугуул, “Дорнын сурын холбоо”-ны харваач А.Цэвэлмаа (35 онож) улсын тод харваач цол хүртсэн юм.
Шагайн харваа
Улсын наадмын шагайн харваанд 112 багийн 896 харваач цэц мэргэнээ сорьсон. Үүнээс 14 баг ахмадын харвааны төрөлд оролцсоноос Д.Данпэлжээ ахлагчтай Төв аймгийн багийнхан тэргүүлж, Н.Бумбаа ахлагчтай Дундговь аймгийн харваачид аман хүзүүдэж, Б.Хатанбаатар ахлагчтай мөн Дорноговь аймгийнхан III, Д.Тогтохбаяр ахлагчтай Дундговийнхон IV байрт шалгарав.
Насанд хүрэгчдийн 98 багийн харваач ана мана өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулахад Б.Баттулга ахлагчтай Дорноговийн “Номт даншиг” багийнхан зургаа дахь удаагаа аваргаар тодорч, одтой сайхан наадав. Тэр их өрсөлдөөнөөс энэ удаа наадамчин түмнийг огшоон, олон жил “тоос өргөсөн” шилдэг багуудыг авьяас, ур чадвараараа илүүрхэж, хүч түрэн орж ирсэн “битүү морь” Өвөрхангай аймгийн Г.Наранбат ахлагчтай “Гуа-орд”, (II байр) Л.Батжаргал ахлагчтай “Шонхор” (III байр) багийнхан байлаа. Тэднийг шагайн харвааны хорхойтнууд халхын алдарт мэргэчүүдийг ардаа орхиж, дээгүүр цойлно гэж төсөөлөөгүй нь анзаарагдсан. IV байрт шалгарсан Монгол Улсын хошой мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн “Хан Хэнтий” багийнхан өмнө нь 2020 онд Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяраар түрүүлж, нутгийн олноо баярлуулж байв. Тэрбээр энэ удаа багаа шинэ залуу харваачдаар хүч сэлбэж, төрийн наадамд сойсон нь шилдэг тавд багтсан юм.
Монгол Улсын мэргэн Т.Очирхүү
ЗАЛУУ ҮЕ ИРСНИЙГ ЗАРЛАН ТУНХАГЛАЛАА
Үндэсний их баяр наадмаар олон залуу хүчтэн улсын цолын босгоор алхлаа. Улсын харцага цолтой байсан О.Хангай, Б.Орхонбаяр нар даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс нарыг уран сайхан мэхээр орхисон нь олны сэтгэлийг хөдөлгөв. Улмаар О.Хангай, Б.Орхонбаярыгаа илүүрхэж түүхт ойн наадмын түрүү бөхөөр тодорсон. Олон жил түрүү бөхийн тааварт бичигдсэн тэрбээр олны итгэлийг даасан шиг дааж Монгол Улсын 25 дахь аварга боллоо. Б.Орхонбаяр хэмээх 24 настай залуу ийнхүү улсын наадамд үзүүрлэж арслан цол хүртэв. Улсын цол хүртсэн хийгээд цолоо ахиулсан бөхчүүдийн олонх нь 30-аас доош насныхан байлаа. Тиймээс бөхийн шинэ үе ирлээ гэж дүгнэж болох нь. Одоо Б.Орхонбаяр тэргүүтэй залуус Монгол наадмын дараагийн арванд өнгөлж барилдах нь тодорхой. Түүхт ойн үндэсний их баяр наадмаас нэг аварга, мөн нэг арслан, гурван заан, дөрвөн харцага, 14 начин цолтон төрлөө. Ингээд заан, харцага, начин цол хүртсэн бөхчүүдийг дор танилцуулъя.
Монгол Улсын заан цол хүртсэн бөхчүүд
-Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Бес богда бүргэд” дэвжээний бөх Бердимуратын Серик
-Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл
-Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий
Монгол Улсын харцага цол хүртсэн бөхчүүд
-Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгон
-Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Ганцогтын Бадрах
-Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээний бөх Лхагваагийн Лха-Очир
-Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
Баян-Өлгий аймгийн харьяат Б.Серик Улсын заан болов
Монгол Улсын начин цол хүртсэн бөхчүүд
-Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган хан” дэвжээний бөх Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл
-Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Бэгзийн Мижидсүрэн
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Одхүүгийн Цэцэнцэнгэл
-Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Навааны Хүрэлсүх
-Булган аймгийн Могод сумын харьяат, ТЕГ-ын “Эрч” спорт хороо, “Булганхангай” дэвжээний бөх Эрдэнэбилэгийн Энх-Амгалан
-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бямбадоржийн Түвшинтөгс
-Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган хан” дэвжээний бөх Энхбатын Сумъяабат,
-Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Очирбатын Түмэн
-Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Эрдэнэбатын Нямаа
-Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Батдоржийн Сосорбарам
-Увс аймгийн Тэс сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Хүрэлбаатарын Оргилболд
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Хангарьд” клуб, “Их Богд” дэвжээний бөх Өлзийсайханы Батзул
-Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Батжаргалын Лхагвадорж
-Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх Энхтүвшингийн Батмагнай
Улсын цолтны босго давлаа
ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ ТАСАЛДАВ
Үндэсний их баяр наадмын хүрээнд болдог урлаг, соёлын уламжлалт арга хэмжээ нэлээд хэд байдаг. Жилээс жилд хүрээгээ тэлсээр ирсэн “Дээлтэй Монгол” наадам энэ сарын 9-нд болсон. Үүнд нийслэлийн дүүргүүдээс гадна Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Архангай, Баян-Өлгий аймаг, гадаадын орнуудаас ирсэн иргэд, жуулчид ч оролцсоноороо онцлог байв. Үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд 8000 гаруй хүн оролцсон нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад дээд амжилт болов уу. Нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” компани хамтран зохион байгуулсан уг арга хэмжээний шинэлэг нэгэн хөтөлбөр нь “Дээлтэй диско” хөгжмийн наадам байв. Монгол дээл, хувцсаар гангарсан залуус орчин үеийн хамтлаг, дуучдын тоглохыг харж, зарим нь бүжиглэж ч байлаа. Монгол хувцасны гоёлын үзүүлбэр урьдын адил хараа булааж, сэтгэл гижигдэм хэвээр.
Монгол наадмын өнгийг шинжих үзүүлэлтүүдэд албан бусаар тооцож болох арга хэмжээнүүдийн нэг нь Төрийн хүндэтгэлийн концерт байдаг. Олон жилийн турш 10-ны өдөр 15.00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулж ирсэн уг тоглолтыг энэ удаа тухайн өдрийн 21.00 цагаас нийслэлийн төв талбайд явуулахаар бэлтгэсэн. Үүний дагуу тоглолтын эхний буюу үндэсний урлагийн хэсгийг үзэгчдэд хүргэж амжсан юм. Харин үргэлжлэн орсон борооны улмаас тоглолтын хоёр дахь хэсэг цуцлагдсан. Үндэсний урлагийн хэсэгт ҮУИТ-ын уран бүтээлчдийн тоглолтыг үзүүлсэн. Тоглолын хоёр дахь хэсэгт Улсын филармонийн симфони найрал хөгжимчид тоглож, сонгодог дуучид ая дуугаа өргөхөөр бэлдээд байсан юм. Дуучдын дундаас тухайн тоглолтын өмнөх өдөр Гавьяат жүжигчин болсон, олон улсын өндөр зэрэглэлийн олон уралдааны шагналт, сүүлийн жилүүдэд эх орондоо байгаагүй бөгөөд гадаадын олон театрт сонгодог хэд хэдэн дуурийн гол дүр бүтээсэн баритон Ч.Бадралын дуулахыг сонсох гэсэн хүн бишгүй байсан юм. Онцлох уран бүтээлч тэр байлаа гэсэн үг. Энэ жилийн Төрийн хүндэтгэлийн концерт ийнхүү дутуу болж өнгөрөв. Түүнчлэн энэ сарын 11-нд 23.00 цагт ёслолын буудлага зохион байгуулна гэж баяр наадмын хөтөлбөрт тусгасан. Үүнийг үзэхээр олон хүн төвд талбайд цугларсан ч хөтөлбөрийн дагуу уг үйл ажиллагааг зохион байгуулаагүйд цөөнгүй хүн бухимдсан юм.
СУИС, Монголын урлагийн зөвлөлийнхөн уламжлалт соёлын наадмыг энэ сарын 11, 12-нд Хүй долоон худагт 14 дэх жилдээ зохион байгууллаа. Нүүдэлчин монголчуудын өв соёл, ардын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой уг арга хэмжээг соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран “Рио тинто” компанийн дэмжлэгтэй явуулсан юм. Энэ жил наадмын сэдвийг “Эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуй” гэсэн нэгдсэн утга санаан дор Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өв, мөн монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсэд тулгуурлан сонгосноороо онцлогтой. “Цэнгэлийн манлай” нээлтийн, “Их гэр” зан үйл, уран сайхны, “Эрийн гурван наадам” театрчилсан гэсэн гурамсан тоглолт сонирхуулсан. Наадамчид, үзэгчид нүүдэлчдийн соёлын “Монголын нэг өдөр” хотхоны гэрүүдээр явж, хаанахын хэн ямар сонин сайхан зүйл үзүүлж буйг харах дуртай болсон. Энэ жилийн тухайд “Боржигон соёлын”, “Баруун Монгол”, “Казах үндэсний” гэсэн гэрүүд үзэгчид, наадамчдад үүд хаалгаа нээсэн байв. Бас “Ардын уламжлалт тоглоом наадгай”, “Нүүр будалт ба хөрөг зураг”, “Уран бичлэг”, “Эсгий урлал”, “Монгол угсаатны хувцас”, “Улаан гэр” бүтээлч өртөө, “Нум сумын харваа”, “Хөхүүрийн айраг”, “Зэв” дижитал музей, “Салхин ариусал” өрөг урлал зэрэг өртөөнд хүний хөл тасрахгүй байсан юм. Тухайлбал, сур харваа сонирхсон, нум, сум барьж үзэн, харваж, хэрэгсэл сэлтийнх нь тухай асууж лавласан хүний тоо хоёр өдөрт 4000-д хүрчээ.
Соёлын наадмын “Монголын нэг өдөр” хотхонд байдаг, наадамчдын танил болсон “Аварга Монгол” баримлууд урьдын адил наадамчдын, тэр дундаа хүүхэд залуусын анхаарлыг татсаар аж. Тус наадмыг тэртээ 14 жилийн өмнө зохион байгуулж эхэлсэн цагаас “Морьтны гайхамшиг” шоу үзүүлбэрээ хүргэж ирсэн циркчдийн тоглолт хурдны морь гарааны зурхайгаас хөдөлж, барианд орж ирэх хооронд наадамчид дурлан үздэг брэнд болсон гэлтэй. Соёлын наадмын анхных нь 2008 онд болсон бөгөөд 2015 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаажээ.
Сурвалжилсан Р.Оюунжаргал,Г.Батцэцэг,Т.Энхбат,С.Цэрэндулам,Ж.Цогтбаяр
Гэрэл зураг Ц.Баярбаатар