Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сур харваа долдугаар сарын 8-нд эхэлсэн. Урианхай, буриад сур харваа энэ сарын 10-нд дүнгээ гаргаж, шинэ мэргэнүүдээ зарласан. Тэгвэл өнөөдөр үндэсний сурын харваачид цэц мэргэнээ сорилоо.
Үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын ерөнхий газрын “Эрчис” клубын тамирчин, гарамгай харваач Т.Очироо мөн 39 оноогоор тэргүүн байрт шалгарлаа. Мөн 40 сумнаас 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, Цагдаагийн ерөнхий газар, “Хүч” спорт хороо, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын харваач, спортын мастер Батсүхийн Энхтүвшинд “Улсын гоц харваач” цол, 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хорооны харваач, спортын мастер Нармандахын Алтантулгад “Улсын онч харваач” цол, 40 сумнаас 36 сум онож тавдугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Монгол харвааны “Андууд” клубийн харваач, спортын мастер Жадамбын Оюунгэрэлд “Улсын тод харваач” цол олголоо.
Эмэгтэйчүүдийн харваанд 180 шигшмэл харваач оролцсоноос Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Б.Пунсалдулам 38 оноогоор тэргүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол хүртэв. Б.Пунсалдулам 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар тэргүүн байрт орж, Монгол Улсын мэргэн цол хүртэж байжээ. Үндэсний сурын харвааны хоёрдугаар байрт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, "Их говийн наран" багийн харваач, спортын мастер Ц.Түвшинбат орж, гарамгай харваач, гуравдугаар байрыг спортын мастер М.Мөнх-Амгалан эзэлж, гоц харваач боллоо. Мөн 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Есүнхэй мэргэн” клубийн харваач, спортын мастер Батхуягийн Сүрэнжаргалд “Улсын онч харваач” цол, 40 сумнаас 35 сум онож тавдугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Булган сумын уугуул, “Дорнын сурын холбоо”–ны харваач Алхаабаатарын Цэвэлмаад “Улсын тод харваач” цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.